Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2022.03.23) 12 цаг 25 минутад 68,4 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр тогтов.
Хуралдааны эхэнд Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Н.Наранбаатар, Б.Пүрэвдорж, Б.Энх-Амгалан, Н.Энхболд нарыг дэвшүүлэх санал гаргаж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгаланг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төсөл гишүүдийн 61,5 хувийн саналаар батлагдав.