2022.04.05
УИХ-ын гишүүн Н.Учрал тэргэнцэр гардууллаа
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд “Сайн Учрал” сангаас тэргэнцэрүүд хүлээлгэн өглөө.
Тус тэргэнцэрийг бэлэглэсэн УИХ-ын гишүүн Н.Учрал "Хэлбэр хэмжээг нь маш нарийн бодож сонгосон. 8 настай балчраас 80 настай буурал хүртэл бүх насныхан суух, тохирох төрөл бүрийн хэмжээтэй тэргэнцэр авна гэдэг дэлгүүрээс талх авахтай адил амар биш. Дугуй нь гэхэд хийлдэг биш байгаад эмнэлгийнхэн ихэд олзуурхаж байлаа.
Бүх зүйлийг төгс байлгах амаргүй ч гэсэн эмнэлэгт сайн чанарын тэргэнцэрийг хэрэглэн тухтай эмчлүүлэх боломжийг бүрдүүлэх гэж зорьсон, хэрэгжүүлж байна. Миний үүсгэн байгуулсан “Сайн Учрал” сан “Учралын баяр” арга хэмжээ, “Тэмүүжингийн андууд” цэцэрлэг, “Ахмадын сувилал”, оюутан сурагчдад тэтгэлэг олгох гэхчлэн нэрийн хуудас болсон олон ажил хийж байгаад хүмүүс талархал илэрхийлдэг нь надад урам хайрладаг. Та нарынхаа өгдөг урам зориг, эрч хүчээр цэнэглэгдэн олон олон хүнийг тэргэнцэр дээрх бодолтой нь үлдээх биш тэргэнцэрээс нь босох хүртэл ажиллах сан гэж мэрийж байна" хэмээжээ.
Н.Учрал гишүүн тусгай хэрэгцээт боловсролыг хөгжүүлэх чиглэлээр санал санаачилга дэвшүүлж, дуу хоолойгоо хүргэсээр ирсэн. Энэ хаврын чуулганаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний сурч боловсрох эрхийн хуулийг санаачлан өргөн барих аж. Хууль батлагдсанаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сурч боловсрох эрхээр бүрэн хангагдах юм байна.