"2030-аад оны технологийн хэрэглээ ямар байх вэ?" дугуй ширээний виртуал уулзалт боллоо
2022.02.18

"2030-аад оны технологийн хэрэглээ ямар байх вэ?" дугуй ширээний виртуал уулзалт боллоо

Лондонд төвтэй Олон Улсын парламентын судалгааны төв (ICPS)-өөс 2022 оны 2 дугаар сарын 16-нд зохион байгуулсан “Сонгуулийн технологийн инноваци: 2030-аад оны технологийн хэрэглээ ямар байх вэ?” дугуй ширээний виртуал уулзалтад Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлагууд, Ажлын алба, Мэдээллийн технологийн төвийн ажилтнууд оролцлоо.

Энэхүү арга хэмжээнд дэлхийн улс орнуудын сонгуулийн төв байгууллагуудын төлөөлөгчдөөс гадна сонгуулийн технологийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг олон улсын байгууллагын мэргэжилтнүүд, технологийн компанийн төлөөллүүд оролцож, сонгуулийн байгууллагууд ойрын жилүүдэд сонгуулийн зохион байгуулалтад  нэвтрүүлэх техник, технологийн боломжууд, ялангуяа цахим сонгууль зохион байгуулах, аюулгүй байдлыг хангах, тулгамдаж буй асуудал зэрэг 4 бүлэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв.

Ойрын жилүүдэд технологийн дэвшил хурдацтай хөгжиж байгаа ч сонгуулийн салбарт цахим шинэчлэлийг ашиглах явдал ахиц муутай, банк санхүү, цахим засаглал зэрэг бусад салбараас хол хоцорсныг дэлхийн улс орнууд анхааралдаа авч эхэлжээ. Дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас улс орнуудын сонгуулийн ирц огцом буурах хандлагатай байна. Эдгээр нөхцөл байдлаас улбаалан сонгуулийн ардчиллын үйл явцад шинэ технологи ашиглах зүй ёсны хэрэгцээ, шаардлага үүссэн гэдгийг илтгэгчид дурдаад, сонгуулийн төв байгууллагууд инновацийг хэрхэн нэвтрүүлэх, саад бэрхшээлийг даван туулах арга замыг хэлэлцэв.

Сонгогчдын оролцоог нэмэгдүүлэх, чирэгдэл багатай, түргэн шуурхай, орон зай, газар зүйн байршлаас үл хамааралтайгаар саналаа өгөх боломжоор хангах, байгаль орчинд ээлтэй, цахим санал хураалт явуулах нөхцлийг бүрдүүлэх, ингэхдээ мэдээллийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчинг бий болгох зэрэг шинэчлэлийг цаг үе шаардаж байгааг уулзалтаар онцоллоо.

Одоогийн байдлаар цахим сонгуулийг амжилттай нэвтрүүлсэн сайн туршлага нь Эстони Улсынх юм. Тус улс 2021 оны 10 дугаар сард цахим болон уламжлалт аргыг хослуулан сонгуулиа явуулахад нийт сонгогчдын 47 хувь нь цахимаар саналаа өгсөн байна.