2022.04.13

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Завхан аймагт ажиллаж байна

МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат Завхан Аймгийн "Их-Уул", "Тосонцэнгэл" сумын малчид, хөдөлмөрчидтэй уулзлаа.

НҮБ-ын "Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлэх, цочиролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” хамтын хөтөлбөрийн хүрээнд Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага, МҮЭ-ийн холбоотой хамтран малчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, эвлэлдэн нэгдэх эрх, хамтын гэрээ хэлэлцээр байгуулах, хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, нийгмийн даатгалын ач холбогдлыг сурталчлах, мэдээ, мэдээллээр хангах зорилгоор энэ сарын 10-17-ны өдрүүдэд Архангай, Өвөрхангай, Завхан аймгийн сумдад ажиллаж байгаа билээ.

Ажлын хүрээнд өнөөдөр (2022.04.13) МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбатаар ахлуулсан аймаг, салбарын ҮЭ-ийн холбоодын дарга нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Завхан Аймгийн "Тосонцэнгэл", "Их-Уул" сумын малчид, иргэд хөдөлмөрчидтэй уулзаж тулгамдсан асуудлыг нь сонсож, МҮЭ-ийн холбооноос хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцууллаа.

Энэ үеэр ажлын хэсгийн гишүүд хөтөлбөрийн дагуу дээрх хоёр сумын Засаг Дарга, ЕБС, СӨБ, Эрүүл мэндийн төв, Соёлын төв ТҮК-ийн ажилтнуудтай уулзсан. Тодруулбал "Их-Уул" суманд 6000 хүн амьдардаг ба төрийн албаны 250 албан хаагч ажилладаг. Малчин 1300 өрх байдаг. Сум орон нутагт мал маллах шинэ залуу малчид олдохгүй байхын зэрэгцээ Сумын Засаг Даргын Тамгын Газрын ажилтнууд төрийн албан хаагчдын цалин хэтэрхий бага учраас боловсон хүчний дутагдалд ороод байгаа тухай хэлж байсан юм.

Харин "Тосонцэнгэл" суманд 10,000 хүн амьдардаг. Мөн л Төр захиргааны байгууллагад ажиллаж буй ажилтнуудын цалин хөлс орхигдсон. Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсийг хагас жилээс хойш олгох боломжгүй байгаа, хүний нөөц боловсон хүчний дутагдалд ороод буй талаар хэлж, Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр МҮЭ-ийн холбоог дорвитой акц өрнүүлж ажиллахыг шаардаж байсан юм.