“Э.Батшугар гэдэг хүн өөрийн гэсэн бодолтой, өөрийнхөөрөө амьдарч яваа"
2022.04.27

“Э.Батшугар гэдэг хүн өөрийн гэсэн бодолтой, өөрийнхөөрөө амьдарч яваа"

УИХ-ын гишүүн Э.Батшугартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-ХӨНГӨН ГАЛТ ТЭРГИЙГ ХИЙГЭЭСЭЙ. ТҮГЖРЭЛИЙГ ЯМАР НЭГЭН БАЙДЛААР БУУРУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА-

-Сүүлийн үеийн халуун сэдвүүдийн нэгээс ярилцлагаа эхлүүлье. Түгжрэл, LRT буюу хөнгөн галт тэрэгний асуудлаар хаа хаанаа талцал маргаан ид өрнөж байна. Хот хөдөөгийн гишүүд гэдгээрээ хүртэл талцаж буй. Хотын гишүүний хувьд та чухам ямар байр суурьтай байгаа юм бэ?

-Бүлгийн хурлаар энэ асуудал яригдсан. Нэг зүйлийг тодотгож хэлэхэд хот хөдөөгийн гишүүд гэж талцсан асуудал байхгүй. Гол нь асуудлаа хамтдаа шийдье гэсэн байр суурьтай байгаа. Миний хувьд хөнгөн галт тэрэгний төслийг дэмжсэн байр суурьтай байна. 21-р зууны метрополит хот LRT буюу хөнгөн галт тэрэгтэй байх нь зүйтэй. Энэ нь Улаанбаатар хотын түгжрэлийг 25 хувиар бууруулна гэж байгаа шүү дээ. Гадаадынхан ирэхэд “дундад Азийн нэг улс хөгжчихсөн юм аа” гэдэг талаас нь хараасай гэж бодож байна. Мөн бидний хойч үед үлдэх ажил. Бидний үр хойч улам хөгжүүлээд авч явна. Тиймээс том, зоригтой алхам хийх нь зөв. Нийслэлийн зүгээс зоригтой шийдэл гаргаж байгаад нь баяртай байна.

-ТЭЗҮ-ийг нь маш хурдан хугацаанд боловсруулчихсан. 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө буюу 2.5 жилийн дотор дуусгахаар шахаж байна. Ийм боломж байгаа гэж харж байна уу?

-Тийм. ТЭЗҮ нь бүрдчихсэн төсөл. БНХАУ-аас 60 гаруй, Монголоос 50 гаруй инженер оролцож ТЭЗҮ-г нь бүрэн бүтэн болгосон. Өндөр түвшинд нарийн боловсруулсан цорын ганц төсөл. Санхүүжилт нь ч гэсэн бараг бүрдчихсэн. Нийслэл өөрөө тодорхой хэдэн хувийг нь гаргаад Засгийн газраас 500 саяын ам.долларын баталгаа гаргахад л болчих юм. Засгийн газраас мөнгө авъя гэсэн зүйл байхгүй. Зүгээр л баталгаа хүсч байгаа. Баталгаа гаргавал хүү нь хамаагүй бага байх юм. Сангийн яамнаас нийслэлд танилцуулахдаа “нэг тэрбум ам.долларын баталгаа гаргах орон зай байна” гэсэн юм билээ. 2.5 жилийн дотор хийгээд дуусгах бүрэн бололцоотой. Хийгээсэй. Энэ түгжрэлийг ямар нэгэн байдлаар бууруулмаар байна шүү дээ. Улаанбаатарын бүх иргэд үүнийг хүсч байгаа.

-Манай улс өмнөд хөршид своп хэлцлээс эхлээд хэд хэдэн өртэй. Энэ төслөөр өрөө нэмэгдүүлэх нь гэдэг бухимдал, болгоомжлол бас ажиглагдсан. Эдийн засагч хүний тань хувьд асуухад өр нэмэгдэх бодит эрсдэл бий юу?

-Хэрэв би буруу санаагүй бол манай улсын Засгийн газар нийт өр 8,5 тэрбум ам.доллар. БНХАУ-ын төв банк хоорондын Своп хэлцэл сунгагдаад явж байгаа. Бид айж хойшоо харж сууснаас зөв зүйтэй зохицуулалтаар зориглоод хийгээд үзэх нь зөв юм болов уу. БНХАУ руу гарч буй манай экспортын бүтээгдэхүүнүүд манайд юанаар биш доллароор орж ирж байгаа. Мөн энэ хөнгөн галт тэргийн бүтээн байгуулалт хийгдээд дуусчихвал өөрөө өөрийгөө санхүүжүүлчих төсөл. Иргэдээс 700-1200 төгрөгийн тасалбар авч үйлчлэх тарифтай. Өдөрт 400 мянган иргэн зорчино гэх тооцоо яригдаж байгаа. Ингээд бодохоор хоосон биш өөрөө өөрийгөө санхүүжүүлээд аваад явчих бүрэн бололцоотой гэж харагдсан. Хамгийн гол нь эхлүүлэх нь чухал.

-НДШ-ИЙН БУЦААН ОЛГОЛТОД 260 ТЭРБУМ ЗАРЦУУЛНА. ЭНЭ МӨНГӨ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРООД ИРНЭ-


-Ойрын үеийн халуун сэдвүүдийн нэг төсвийн тодотгол. Тодотголд тусгаж буй хэмнэлтүүдийг хэр бодитой, оновчтой гэж дүгнэж байна вэ?

-Төсөвт тодотгол оруулж ирж байгаа нь зөв. Хоёрдугаарт, гадаад нөхцөл байдал ямар байгааг эргэж харах ёстой. Урд хөршид коронавирусийн халдварын тархалт ид явагдаж байна. Хойд хөршид геополитикийн асуудал ид дэгдэж байна. Эдгээр нь Монгол гэлтгүй дэлхий нийтийн асуудал болчихлоо. Тухайлбал, АНУ-д инфляц болон үнийн өсөлт 8.5 хувьд хүрсэн. Энэ нь ойрын 41 жилийн хамгийн өндөр үзүүлэлт. Англи улсад үнийн өсөлт 7.5 хувьд хүрсэн нь ойрын 30 жилийн үзүүлэлт. Ороc, Украин улсууд дэлхийн хүнсний экспортын 12 хувийг хангадаг юм байна. Гэтэл энэ зогсчихсон. Үүнийг дагаад НҮБ-ийн хүнсний үнийн өсөлтийн индекс 12.6 хувиар өссөн байна. Энэ бүхнээс шалтгаалан төсвийн тодотгол хийгдэж байгаа.

Эхний ээлжинд гурил, мах, шатахууны үнийг барья гэдэг чиглэлтэйгээр ажиллаж байгаа нь энэ. Шатахуун бол үнийн өсөлтийн хамгийн гол өдөөгч. Олон улсын судалгаануудад “шатахууны үнэ 1 хувиар өсөхөд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 0.15 хувиар өсдөг” гэдэг. Гадаад нөхцөл байдлаас шалтгаалан манайд шатахууны үнэ 800-1000 төгрөгөөр өсөх нөхцөл үүссэн. Иймд Засгийн газар хууль өргөн барьж батлаад үнийг тогтвортой бариад байна.

-Нэг сая төгрөгөөс доош цалинтай иргэдэд НДШ-ийн 50 хувийн буцаан олголтод иргэд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа шүү дээ?

-Бүтээн байгуулалтын ажлуудыг хойшлуулж, 510 тэрбум төгрөг хэмнэж байгаа. Мөн урсгалд зардлын 110 тэрбумыг хэмнэж байгаа. НДШ-ийн 50 хувийн буцаан олголтыг том зургаар нь харвал 260 тэрбум төгрөг. Энэ нь эргээд эдийн засгийн эргэлтэд ороод ирэх буюу хэрэглээ болох мөнгө. Тэгэхээр ДНБ-нд дэм болох хүчин зүйлийн нэг болчихож байгаа гэж ойлгож болно.

Төсвийн тодотголд хамгийн талархаж хүлээж байгаа асуудлын нэг нь сугалаагүй цэцэрлэгийн асуудал. Хүүхдүүд яагаад сугалаагаар цэцэрлэгт явах ёстой гэж. Энэ асуудлыг намраас урьтаж шийдвэрлэнэ гэдэгт нь баярлаж байна. Ингэхийн тулд нийслэлээс 100 тэрбум, улсаас 100 тэрбумыг гаргаад шийдье гэж байгаа юм. Бүгдэнгээр нь цэцэрлэг барьчихгүй. Цэцэрлэг нэмж барихаас гадна бэлэн байшин барилга худалдаж авах, түрээслэх гэх мэт арга замуудаар сугалааны асуудлыг зогсооно гэсэн зөв бодлого хэрэгжүүлэх гэж байна.

Мөн төрийн өмчийн 37 компанийн IPO гаргах асуудал тусгагдсан. Хөрөнгө оруулалтын чиглэлээр олон жил Англи, Америкт ажилласан хүний хувьд үүнийг зөв шийдвэр гэж үзэж байна. Төрийн өмчит компаниудын 34 хувийг олон нийтэд хувьцаа эзэмшүүлэх замаар нээлттэй болгоё. Хувьцаа эзэмшигчид ТУЗ-өө байгуулж, гүйцэтгэх захирлаа томилсноор компанийн хяналт сайжрахаас гадна олон нийтэд ил тод болох юм. Би нэг зүйлийг бодоод байгаа юм. Манай Хөрөнгийн бирж өөрөө өөртөө IPO хийж манлайлах нь хамгийн зөв. Олон улсын хөрөнгийн биржүүд ингэдэг.

-Дэд дарга нарын орон тоо хасах асуудал бас бий. Нэмээд асуухад орон тоо нь хасагдах орлогч, дэд дарга нарын тэтгэмжид эргээд 150 саяыг зарцуулна гээд байгаа шүү дээ?

-Эл шийдвэрийн хүрээнд 1500 гаруй үр дүнгүй ажлын байр байхгүй болно. Зөв зүйтэй арга хэмжээ. Харин тусгай чиг үүргийн байгууллагууд дэд даргатай байна. Учир нь дэд дарга нь даргаа шууд орлодог. Харин тэтгэмжийн 150 сая төгрөгийн тухайд эдийн засагч, банкны хүний тухайд нэг жишээ авъя. Нэг АТМ гурван теллерийг орлодог. Үүнтэй л ижил дэд дарга нарын орон тоог танаснаар зардлаа хэмнэж байгаа хэрэг.

Төсвийн тодотголын бүх тохируулгуудын тухайд нэг том асуудал бий. 2022 оны төсөвт анх 36 сая тонн нүүрс экспортлоно гэсэн төсөөлөлтэй байсан. Энэ төсөөлөл буурч, 18 сая тонн болсон. Урд хөршийн нөхцөл байдал үнэхээр хүн байна. Өнгөрөгч долоо хоногт миний авсан мэдээллээр 45 хотод 375 сая хүн хөл хорионд байна гэсэн. Энэ нь манай нүүрсний экспортод нөлөөлж байгаа. Өчигдөр сонссон баяртай мэдээллээр нүүрсний экспорт хийж буй машины тоо 350 хүрсэн.

-Таны хувьд төсвийн тодотголд тусгагдсан хэмнэлт болоод шийдвэрүүдийг оновчтой гэж үзэж, хоёр гараа өргөн дэмжиж байгаа байх нь ээ?

-Оновчтой гэхээсээ илүү цаг үеэ олсон зөв алхамууд гэж хэлмээр байна. Ялангуяа төрийн 36 компанийн хувьцааг нээлттэй болгож, IPO гаргаж байгаа нь зөв шийдвэр. 36 сая тонн нүүрсний экспортыг 18 сая тонн болгож бууруулсан тооцоо оруулж ирсэн нь цаг үетэйгээ нийцсэн зохицуулалт яах аргагүй мөн.

-ХУВИЙН МАШИНАА УНАЖ, ӨӨРӨӨ БЕНЗИНЭЭ ХИЙДЭГ. УТАСНЫ ТӨЛБӨРӨӨ Ч ӨӨРӨӨ ТӨЛДӨГ-


-Иймд хүнд нөхцөлд эдийн засгаа сэргээхийн тулд ямар бодлого хэрэгжүүлэх ёстой юм бэ. Таны хувьд түрүүн томоохон төслүүдээ хөдөлгөх ёстой гэж дуугарах шиг боллоо?

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлаа дуусгах ёстой. Тэгж байж дотоодын хэрэгцээний 50 хувийг хангах боломжтой болох юм. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станцуудаа барих шаардлагатай. Эрчим хүчний хувьд хараат бус болмоор байна шүү дээ. Энэ бүхнээрээ өнөөдөр ам.доллар гадагшаа урсгаад байна.

-Төгрөг үнэгүйдэж, ам.доллар чангарч байгаа нь хүн бүрийн санааг зовоосон асуудал болж байна?

-Гадаад орчинд ам.доллар чангарч байгаатай холбоотойгоор төгрөгийн ханш унаж байгаа. Төгрөгийн ханш суларч байгаа нь хоёр хүчин зүйлтэй холбоотой.

Нэгдүгээрт, Америкийн төв банк дөрвөн жилд анх удаа бодлогын хүүгээ өсгөчихлөө. Энэ жил гурван удаа өсгөнө гэсэн мессеж явуулсан.

Хоёрдугаарт, бид хүссэн хэмжээгээрээ нүүрсээ экспортолж чадахгүй байна.

Иймд Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого дахь боомтын сэргэлтийн бодлого чухал ач холбогдолтой юм. Тавантолгойн төмөр зам долоо, наймдугаар сар гэхэд ашиглалтад орохоор хүлээгдэж байна. Энэхүү төмөр зам өнгөрсөн жил ашиглалтад орчихсон байсан бол бид хамгийн багадаа 9 биш 13 тэрбум ам.долларын экспорт хийчих бололцоотой байлаа. Боомтын сэргэлтээ хийж чадаагүйн улмаас 4 тэрбум ам.долларыг алдсан.

-Сая нэг хэсэг ам.доллар хомсдохоос гадна Монголбанк, валют арилжааны "Найман шарга" зах хоёрын ханш зөрлөө. “Монголбанкийг ханшаа зөв зарлахгүй байна” гэж зарим гишүүд бухимдацгаасан шүү дээ?

-Монголбанк ханш зарладаг байгууллага биш. Нийт гадаад валют арилжааны 97 хувь нь арилжааны банк хооронд, үлдсэн гурван хувь нь ББСБ, "Найман шарга" зах дээр явагддаг. Тэгэхээр өмнөх өдрийн банкуудыг жигнэсэн дундаж ханшийг л Монголбанк зарлаж байгаа хэрэг. Ханш зөрж байсан нь банкнаас хямдхан аваад, "Найман шарга" зах дээр арилжаалж дундаас нь ашиг олдог хүмүүс байсныг үгүйсгэхгүй. Энэ талын хяналт шалгалтуудыг хийх шаардлагатай.

Нэмээд хэлэхэд гурил, будаа зэрэг өргөн хэрэглээний барааны импортын татварыг чөлөөлсөн нь үнийн өсөлтөөс сэргийлж байгаа нэг алхам. Хамгийн гол нь дэлхий даяар нүүрлээд байгаа үнийн өсөлтийг Монголдоо хэрхэн багаар тусгах вэ л гэдэг бодлого. Дотоодын эдийн засгаа өсгөчихье гэдэг тохируулгуудаа хийж байгаа юм. Энэ хүрээнд төрийн хэмнэлтийн хууль батлах гэж байна. Мөн төрийн үйлчилгээнүүдийг цахимжуулж байгаа нь хэмнэлтийн бас нэг хэлбэр юм.

-Төрийн албан хаагчдыг, дарга нарыг хотод том машин унахыг болиулж байгаа. Та хэмнэлтийг дэмжиж байгаа юу. Ямар машин унадаг вэ?

-Үүнийг хорьсон нь тансаг хэрэглээг танаж байгаа нэг хэлбэр юм болов уу. Туулах чадвар өндөртэй том машиныг хөдөө орон нутгийн байгаль хамгаалагчид, хилийн цэргийнхэн зэрэг ажлын онцлогтой хүмүүс унах нь зөв. Төсвийн байгууллагынхан хотод том машин унаж бензин шатахуун үрэх нь мэдээж илүүц. Миний хувьд хувийнхаа машиныг унаж, өөрөө шатахуунаа хийдэг. Утасныхаа хэрэглээний мөнгийг өөрөө төлдөг. Улсын төсвөөс ганц ч төгрөгийн хэрэглээний мөнгөө авдаггүй.

-ХҮҮХЭД ЭЦЭГ ЭХИЙГЭЭ СОНГОЖ ТӨРӨХ БИШ, ЭХ НЬ ХҮҮХДЭЭ СОНГОЖ ТӨРҮҮЛЭХ БИШ. ЭНЭ ЧИНЬ ХОРВООГИЙН ЖАМ ШҮҮ ДЭЭ-


-Таны сонгогдон гарсан Сонгинохайрхан дүүрэг хүн ам ихтэй, гэр хороолол ихтэй, хөдөө орон нутгаас ирж суурьшигчид олонтой гэхчлэн онцлогуудтай. Дүүргийнхээ асуудлуудыг хэрхэн багцлан харж ажиллаж байна вэ?

-Тийм. Миний сонгогдон гарсан дүүрэг ихээхэн онцлогтой. Хүн амын 10 хувь нь тэнд оршин суудаг. Хийх ажил маш ихтэй дүүрэг. Өөрийн чадах чинээгээрээ ажиллахыг хичээж байна. Ард иргэд, ААН, хороо дүүргийн удирдлагуудтай зэрэгтэй бүгдэнтэй нь адилхан харьцаж байгаа. Цэцэрлэг, сургуулиудын хүрэлцээнээс эхлээд асуудал байна. Өчигдөр гэхэд 62 дугаар сургуульд очиж үзлээ. Ширээ сандалны хүрэлцээнээс болж бяцхан сурагч дүү нар маань гурав дөрвөөрөө суудаг. Тиймээс хувиасаа ядаж өөрийн чадах чинээгээрээ 110 ширээ өглөө. Өөрийн нөөц бололцоогоо л ашиглаж ажиллахыг хичээж байна.

-Төсвийн тодотголоор дүүрэг рүү дахин төсөв мөнгө хуваарилагдах боломж гарч байна уу. Төсвийн хуваарилалт хүрэлцээ хэр байна вэ?

-Улсын төсвийн мөнгө хэзээ ч хангалттай хуваарилагддаггүй шүү дээ. /инээв.сурв/ Илүү зам, илүү сургууль баримаар байна, уг нь. Даанч Монгол Улс гэдэг айл 17 их наядын л төсөвтэй. Энэ мөнгийг 40-50 их наяд болгон тэлчихвэл бид хангалттай сургууль цэцэрлэг баримаар байна. Ингэхийн тулд Шинэ сэргэлтийн бодлогоо яаралтай хэрэгжүүлэх нь хамгийн чухал байна. Үүгээр боомтын сэргэлтээс эхлээд ажлууд хэрэгжинэ.

-Дүүрэгтээ хэр ойр ойрхон очиж байна?

-Аль болох ойр ойрхон очихыг хичээдэг. Хагас бүтэн сайнд очдог. Иргэд үнийн өсөлт, ажлын байр, ипотекийн зээл их ярьж байна. Хороон дарга нар зам барих, гэрэлтүүлэг хийх, сургууль барих асуудал ярьдаг. Дүүргийн засаг дарга өөр асуудал ярьж байна.

-УИХ-д орж ирээд хэр ажлууд амжуулав. Бодож байсан ажлуудаа барьж авав уу. УИХ-ын гишүүний үүрэг хууль санаачлах батлуулах. Бодож байсан хуулийн реформуудаа хийж чадахаар байна уу?

-Та бүхний мэдэж байгаачлан УИХ-д орж ирээд удаагүй байна. Орж ирэнгүүт намрын чуулган завсарласан. Одоо хаврын чуулган дөнгөж эхэлж байна. Хуулийн судалгаанууд хийж байна. Хуулийг эдийн засагтай уяж дандаа тооны судалгаануудаа хийж байна. Энэ хуулийг баталснаар манай эдийн засагт ямар өөрчлөлт, өгөөж авч ирэх вэ гэхчлэн. Харамсалтай нь зарим талын статистик тоон мэдээлэл дутмаг байна. Гэхдээ шантрахгүй боломж бололцоогоороо хийнэ.

-Гишүүнээр сонгогдоод ороод ирэхэд “Н.Энхбаярын хүү” гээд ааваар тань овоглож харах нь их байсан байх. Чуулганы танхимаас үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлээд санасан бодсон ажлуудаа хийгээд явахад хувь өөрөөр тань харах хандлагын өөрчлөлт хэр ажиглагдаж байна вэ?

-Яах вэ тийм хандлага их ажиглагдаж байлаа. Хувь Батшугар гэхээсээ илүү Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байсан манай ааваар маань төлөөлүүлэх хандлага их байлаа. Хүүхэд ямар эцэг эхийгээ сонгож төрдөг биш. Ээж нь хүүхдээ сонгож төрүүлэх биш. Энэ чинь хорвоогийн жам шүү дээ. Миний хувьд ааваараа их бахархдаг. Ааваасаа зөвлөгөө авдаг, хэрэгцээтэй гэж тооцвол аав намайг зэмлэх үедээ зэмлэдэг. Эцсийн үр дүндээ Батшугар гэдэг хүн өөрийн гэсэн үзэл бодолтой, өөрийн гэсэн ажилтай, өөрөөрөө амьдарч яваа хүн шүү дээ. Би өөрийгөө дүгнэхээс илүү сонгогчид ард түмэн намайг дүгнэх байх.

-УИХ-ын гишүүн болсныхоо дараа аавынхаа үгийг хэр сонсож байна вэ?

-Аав өдөр болгон яриад л ингэ тэг гээд байдаггүй. Би өөрөө хүсээд залгаад асуувал надад нээлттэй хэлж, зөвлөгөө өгдөг. Төрийн өндөр дээд албан тушаалуудыг хашиж байсан хүний хувьд Монгол Улсыг бүх л талаас нь өргөн цар хүрээтэй харж чаддаг хүн. Арай өөрөөр л хардаг юм билээ. Жишээлбэл “баруун аймгийг зүүн аймагтай төмөр замаар холбох нь стратегийн хувьд чухал ач холбогдолтой” гэж хэлж байгаа юм. Ингэж оёж байж улс орноо аль ч талаас нь бүрэн бүтэн байлгана гэж хэлж байна лээ л дээ. Туршлага юм даа /инээв.сурв/

-УИХ-ын гишүүн байх хугацаандаа үүнийг л хийчих юмсан гэж таны дотрыг холгож буй асуудал?

-Хоёр зүйл дээр анхаарч байна. Нэгдүгээрт, боловсролын реформ хиймээр байна. Хоёрдугаарт, банк санхүүгийн хүн болохоор санхүүгийн салбарт реформ хийж олон улсын түвшинд аваачмаар байна. Өнөөдөр санхүүгийн салбарын 90 хувь нь арилжааны банкаар дамжин хийгдэж байна. Гэтэл харамсалтай нь манай арилжааны банкууд хадгаламж авч, зээл олгох үйлчилгээг л үзүүлж байна. Үүнээс цааш хөгжмөөр байна.

-Ярилцсанд баярлалаа.