Томуугийн эсрэг вакциныг эхний ээлжинд өгөхийг хүсэв
2009.10.14

Томуугийн эсрэг вакциныг эхний ээлжинд өгөхийг хүсэв

Монгол Улсын Шадар сайд М.Энхболд 2009 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч, доктор Вивитаг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсад бүртгэгдсэн томуугийн “А” хүрээний /H1N1/ вирусийн талаар Шадар сайд товч танилцуулаад Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийн дагуу бүх шатанд шуурхай арга хэмжээ авч байгааг тэмдэглэв.
Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын Ерөнхий газар хамтран томуугийн “А” хүрээний вирусээс сэргийлэх урьдчилсан арга хэмжээг сайн авч, үндэсний зөвлөгөөн, сургалт зохион, бэлтгэлээ хангасан гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч, доктор Вивита үнэллээ.
Дэлхийн улс орнууд, ялангуяа хоёр хөршид нь өвчний халдвар гарч олон хүн өвчилснөөс хойш багагүй хугацааны дараа Монгол Улсад анхны тохиолдол бүртгэгдсэн нь муу гэсэн үзүүлэлт биш. Харин ч аливаа халдварт өвчнийг илрүүлэх чадвар эрүүл мэндийн байгууллагад байгаагийн нэг нотолгоо гэж суурин төлөөлөгч тэмдэглэв.
Томуугийн “А” хүрээний эсрэг вакцин энэ сарын сүүлчээр бэлэн болно. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага ямар улсад хичнээн хэмжээний тун нийлүүлэхээ ярилцаж байна.
Хэдийгээр олон орон вакцин авах хүсэлтээ гаргасан ч анхны тохиолдол бүртгэгдсэн учир Монгол Улсад эхний ээлжинд вакцин нийлүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг Шадар сайд М.Энхболд хүссэнийг суурин төлөөлөгч хүлээн авлаа.

Вакцин бэлэн болсон даруйд Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага манай улсын хүн амын 2 хувьтай тэнцэх хэмжээний вакциныг эхний ээлжинд үнэ төлбөргүй өгч цаашид 10 хувь хүргэнэ. Шаардлагатай бүх арга хэмжээг НҮБ, түүний харъяа байгууллагууд, Монгол Улс дахь гадаадын Элчин сайдын яамдтай хамтарч авна гэж суурин төлөөлөгч, доктор Вивита амлав.

Өвчний тохиолдол бүртгэгдсэн ч бүх хүнийг вакцинд хамруулах шаардлагагүй, нэн тэргүүнд вакцинжуулах хүмүүсээ тодорхойлох хэрэгтэй гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага үзэж байна.

Цаашид тандалт судалгаа, клиник, эмнэл зүйн менежментээ сайжруулах, өвчний талаархи үнэн зөв мэдээлэл, урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг иргэдэд хүргэх, иргэд айж сандралгүй хувийн ариун цэврээ сайн сахиж, амны хаалт зүүж байхыг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч, доктор Вивита зөвлөв.

Албаны хүний хэлсэнээр Халдварт өвчин судлалын үндэсний төвд тусгаарлагдан эмчлүүлж байгаа хүмүүсийн хоёр нь томуугийн “А” хүрээний вирусээр нэмж өвчилж 5 тохиолдол бүртгэгдээд байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.