Ж.Хунан:Халдвар авсан хоригдол, хоригдогчдыг агааржуултын шаардлага хангасан, тусдаа байранд тусгаарлах шаардлагатай байна
2021.05.03

Ж.Хунан:Халдвар авсан хоригдол, хоригдогчдыг агааржуултын шаардлага хангасан, тусдаа байранд тусгаарлах шаардлагатай байна

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунантай уулзаж, ярилцлаа.

- Ковидын халдвар дотоодод нэмэгдэж байгаа  энэ цаг үед хорих ангиудад нөхцөл байдал хүнд байгаа  болов уу. Тиймээс ч хүний эрхийн асуудал хөндөгдөж байна. Ялтан ч гэсэн төрөлхийн, заяамал эрхээ эдэлж, эрүүл, аюулгүй орчин нөхцөлөөр хангуулах ёстой болов уу?

- Тийм ээ, тантай санал нэг байна. Хорих ангиудад нөхцөл байдал тийм ч амар биш байна. Хэдийгээр эрх чөлөөгөө хязгаарлуулсан ч амь нас, эрүүл мэнд нь хамгаалагдах ёстой. Тэр тусмаа төр өөрийн хяналтандаа байлгаж байгаа тохиолдолд амь нас, эрүүл мэндийг нь хамгаалах, хоол хүнсээр хангах, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах үүрэгтэй. Комиссоос ШШГЕГ-ын харъяа хорих ангиудын халдвар хамгааллын дэглэм, орчин нөхцлийг сайжруулах, нэн яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргүүллээ. Үүнд, юуны өмнө Цагдан хорих байруудад хэт их бөөгнөрөл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор анх удаа гэмт хэрэг үйлдсэн, жирэмсэн, бага насны хүүхэдтэй, 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй, архаг, хууч өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон насанд хүрээгүй хүнд цагдан хорих арга хэмжээ авахгүй байх, ял хойшлуулах, өршөөл үзүүлэх зэрэг нөхцөл боломжийг судалж, хууль тогтоогчид уламжлан шийдвэрлүүлэхийг санал болгосон.

Мөн хөл хорионы үед хоригдол, хоригдогчдын хууль зүйн туслалцаа авах эрхийг бүрэн хангах зохион байгуулалтын арга хэмжээг авах, өмгөөлөгчдийг цагдан хорих, хорих ангид очиж /тээврийн хэрэгслээр зорчих QR код олгох/, үйлчлүүлэгчтэйгээ биечлэн болон цахимаар ганцаарчлан уулзах, хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх нөхцөл бололцоог хангасан, ойлгомжтой дүрэм, журмыг гаргаж мөрдүүлэх, уулзалтын өрөөний агааржуулалт, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулахыг зөвлөсөн. Гуравдугаарт, цагдан хоригдох хугацаанд халдвар авсан, тусгаарлагдсан хоригдогчийн талаарх мэдээллийг ар гэрийнхэн болон өмгөөлөгчид шуурхай мэдээлэх, энэ харилцааг зохицуулсан журмыг батлан мөрдүүлэх, дөрөвдүгээрт, Зөрчлийн тухай хуульд сонгох шийтгэлтэй байхаар заасан зөрчилд аль болох баривчлахаас өөр шийтгэл оногдуулах, зайлшгүй шаардлагаар оногдуулсан шийтгэлийн биелэлтийг түр хугацаанд хойшлуулах, түдгэлзүүлэх нөхцөл боломжийг судлан шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагад уламжлах, тавд, анхан шатны шүүхээс ял шийтгэгдсэн этгээдүүдэд гомдлыг танилцуулж гарын үсэг зуруулж, хорих ангийн тэмдэг даруулах ажлыг цахимаар зохион байгуулах, сэжигтэн, яллагдагчийг үргэлжлүүлэн хорих, эсхүл суллах тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хорих байрны захиргаа цахимаар хүлээн авах нөхцөл боломжийг бүрдүүлж хэрэгжүүлэхийг зөвлөмжид тусгасан.

Халдвар авсан хоригдол, хоригдогчдыг агааржуултын шаардлага хангасан, тусдаа байранд, нэг нэгээр нь тусгаарлах нөхцөл боломжийг шийдвэрлэх шаардлагатай байна. Түүнчлэн хоригдогчийг яаралтай вакцинд хамруулах, эрүүл мэндийн суурь үзлэг, үйлчилгээнд хамруулах боломж бүрдүүлэх, шаардлагатай санхүүжилтыг шийдвэрлэх,  төвлөрсөн хорих анги, цагдан хорих төв, захиргааны журмаар баривчлах байр, эрүүлжүүлэх, саатуулах байруудад ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг чанд сахиулах, гар угаах цэгүүд болон ундны цэвэр ус дутагдалтай хэсэгт ус, ариун цэврийн байгууламжийг стандартын дагуу бий болгох, ялангуяа хорих ангийн эмнэлэг, үйлдвэрлэлийн бүсэд гараа тогтмол угаах боломжоор хангах, үйлдвэрийн болон гал тогооны багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмжийг тогтмол ариутгаж, халдваргүйжүүлэхэд анхаарах хэрэгтэй.

Тулгамдаж байгаа бас нэг асуудал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны алба хаагч, ажилтнуудын хөдөлмөр, эрүүл ахуйн аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд, ар гэрийн байдал. Энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, халдвар, хамгааллын шаардлагатай нөөц, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, урамшуулал зэрэг нэмэлт дэмжлэг үзүүлж, санхүүжилтыг шийдвэрлэх шаардлагатай байна. Орон нутагт хорих ангиудын бүх хөдөлгөөнийг 100 хувь зогсоож, харуул хамгаалалтын албан хаагчдыг тухайн анги дээр нь 10 хоногоор ээлжлэн байрлуулж үүрэг гүйцэтгүүлж байгаа боловч нэмэгдэл цалин олгогдоогүй, ар гэрийн нөхцөл байдлыг үндэслэн үүрэг гүйцэтгүүлж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын орон нутгийн алба хаагчид Аймгийн онцгой комиссын бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа ч цалингийн нэмэгдэл, илүү хөлс авч байгаа эсэх нь тодорхойгүй байна. 

- Одоогийн байдлаар хорих ангиудад нийт хэдэн хүн ковид туссан байгаа талаар мэдээлэл бий юу?

- ШШГЕГ-ын харьяа Баривчлах байранд коронавируст халдварын анхны тохиолдол 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдөр бүртгэгдсэнээс хойш 2021 оны 4 дүгээр сарын 20-ны байдлаар халдвар авсан тохиолдол 329 болжээ. Үүнээс 109 нь эдгэрсэн, 401 дүгээр ангид 2, 461 дүгээр ангид 63, ХӨСҮТ-д 2, Цэргийн төв эмнэлэгт 1 хүн эмчлүүлж, 150 хоригдол, хоригдогч тусгаарлан ажиглалтад байна. ШШГЕГ-ын харьяа хорих анги, байгууллагуудын хэмжээнд нийт 81 алба хаагч коронавирусын халдвар туссанаас 63 алба хаагч үүргээ гүйцэтгэж байгаад халдвар авсан байна.

- Мэдээж хүний амь нас, эрүүл мэндэд ямар нэг эрсдэл учирвал хүний эрхийн холбоотой томоохон асуудал ч дэгдэж болзошгүй байна. Тиймээс энэ хүрээнд бусад улс орнууд ямар бодлого зохицуулалт, арга хэмжээ авч байгаа бол?  Тухайлбал, Нэгдсэн Үндэстний Байгууллага ямар бодлого барьж байна вэ?

- Цар тахал дэлхийн нийтийн өмнө маш том сорилт, шалгуурыг үүсгэж байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн дээд комиссарын газраас Ковид-19 цар тахлын үед хариу арга хэмжээ авах зааварчилгаанд хорих анги, түр саатуулах буюу баривчлах байранд халдвар тархах эрсдэл өндөр, эрх чөлөөгөө хязгаарлуулсан хүмүүс халдвар авах нэн эрсдэлтэй бүлэгт хамаардаг тул хорихоос өөр төрлийн ял оногдуулахыг судлах, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хүчирхийллийн шинжгүй гэмт хэрэг үйлдсэн болон насанд хүрээгүй хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахгүй байх, ялыг хойшлуулах, хорих ял оногдуулахаас татгалзахыг зөвлөсөн байдаг.

Тийм ч учраас ХЭҮК Коронавируст халдварын /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус үндэслэн Комиссын гишүүний Зөвлөмжийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргүүлээд байна.  

- Би хорих ангид ковид тусаад хэцүү байна, яах уу? гэж өмгөөлөгчдөө хандсан ч хүн байна. Хүний эрхийн Үндэсний Комиссын зүгээс хорих ангиудад бодит нөхцөл байдал ямар байгаа талаар үзэж танилцсан уу?

- Хүний эрхийн Үндэсний Комисс Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт заасны дагуу уг хуулийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд Комиссын Ажлын хэсэг 2021 оны 4 дүгээр сарын 20, 28-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Хорих 409, Цагдан хорих 461 дүгээр ангийн нөхцөл байдалтай танилцаж, ШШГЕГ-ын удирдлага, хорих ангийн дарга, холбогдох албан тушаалтнуудаас гадна зарим өмгөөлөгч, хоригдогчидтой уулзлаа. Хорих ангиуд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын баталсан 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/194 дугаар “Коронавирусын халдвар Ковид-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед ажиллах түр журам”, 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн А/10 дугаар “Коронавируст /Ковид-19/ халдварт өвчин илэрсэн үед авах хариу арга хэмжээний төлөвлөгөө”, 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн А/56 дугаар “Өндөржүүлсэн бэлэн байдлын “Улаан” зэрэгт ажиллах” тухай тушаал, Коронавируст халдвар /Ковид-19/-т өвчин илэрсэн үед хариу арга хэмжээний багийн ажиллах заавар, хоригдлыг нүүлгэн шилжүүлж, хуяглан хүргэх баг, хорих анги, байгууллагуудын нөөц, хүч хэрэгслийн тооцоо, Коронавируст халдвар /Ковид-19/-т өвчин илэрсэн үед авах хариу арга хэмжээний зураглал зэргийг мөрдөн ажиллаж байгаа хэдий ч хүний эрх зөрчигдөх нөхцөл байсаар байна. Хүний эрхийн Үндэсний Комисст иргэдээс ирүүлсэн гомдолд хөндөгдөж байгаа хүний эрхийн ноцтой зөрчил нь “Ямар нэг халдваргүй, эрүүл хорьж, саатуулагдаад хорих, саатуулах байрнаас халдвар авч, өвчилж байгаа” явдал юм. Өөрөөр хэлбэл, төрийн харуул хамгаалалттай, онцгой объектод байхдаа тухайн иргэн эрүүл мэндээрээ хохирч буй асуудал. Үүнийг анхаарахгүй өнгөрч болохгүй. Коронавирусын халдвар авсан хоригдогсдын дунд жирэмсэн, зүрхний архаг өвчтэй, хатгаа зэрэг өвчин хавсарсан оноштой хүмүүс байгаа ч ХӨСҮТ болон бусад эмнэлгийн байгууллага хэвтүүлэн эмчлэхээс зайлсхийх, мөн харгалзах алба хаагчийн хүрэлцээ дутмаг зэргээс шалтгаалан хоригдогсдын эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрх зөрчигдөхөд хүрч байна. Иймээс энэ харилцааг зохицуулах, шуурхай арга хэмжээ авах, ХЭҮК-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх шаардлагатай байна.  

- Ковидын үед манай улс хорих ангид саатуулагдаж байгаа иргэдэд хэрхэн анхаарч байна вэ?

- Хорих ангиас дархлаа дэмжих эм, танг хоригдогч болон алба хаагч нарт олгож, эрүүл мэндийн үйлчилгээ авч байгаа хэдий ч эрүүл мэндийн байдал, онцлогоос хамааран үр дүн, үйлчлэл нь харилцан адилгүй, нэмэлтээр өөрсдийгөө хамгаалах, дархлаагаа дэмжих,  халдвар хамгааллын дэглэм сахих нөхцөл боломж нь бусдаас хамааралтай байна. Энэ нь ганц бие, ар гэрээс нь эргэлт уулзалт ирдэггүй хүмүүсийн хувьд илүү хүндээр тусч байна. Тухайлбал, Цагдан хорих 461 дүгээр ангийн хоригдогч нарын 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд илгээмж авсан талаарх бүртгэлтэй танилцахад давхардсан тоогоор 306 этгээдийн 21 нь дархлаа дэмжих витамин С, Д болон бусад эм, эмнэлгийн хэрэгсэл, амны хаалтыг ар гэрээсээ хүлээн авчээ.

- Вирусийн тархалттай холбоотойгоор хорих ангиуд халдварын голомт болох эрсдэлтэй байна. Тиймээс бид хэрхэх хэрэгтэй вэ?

- Нөхцөл байдал ганц, хоёрхон сарын дотор сайжрахгүй гэдэг нь тодорхой болчихлоо. Олон улсын жишгээс үзвэл дараа дараагийн давалгааг хэрхэн хохирол багатай, ухаалаг шийдлээр даван туулах, цар тахлын дараах нөхөн сэргээлтийн асуудал хөндөгдөж байна. Тодорхой бүлгийн хүмүүст өршөөл үзүүлэх, ялыг хойшлуулах, энэ хүнд хэцүү үед цагдан хорих, баривчлах шийтгэл өгөхгүй байх, бөөгнөрөл үүсгэхгүй байх зохицуулалт хийх, тусгаарлах, эмчлэх ажиллагааг тусад нь зохион байгуулах, вакцинд хамруулах арга хэмжээг авах хэрэгтэй. Улсын хэмжээнд 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нийслэл болон Дархан-Уул аймаг, Хархорин сумын нийт 1844 хоригдол, хоригдогчдыг вакцины эхний тунд хамруулсан байна. Мөн Нэгдсэн үндэстний байгууллагаас батлан гаргасан “Хоригдлуудтай харьцах наад захын жишиг дүрмүүд болон хоригдлуудтай харьцах үндсэн зарчмууд”-ыг баримталж ажиллах шаардлагатай юм.

- Цаг, зав гаргаж ярилцсанд баярлалаа.