Шударга шүүхээр шүүлгэх эрх
2021.05.31

Шударга шүүхээр шүүлгэх эрх

ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХ, ЦАХИМ ШИЛЖИЛТ, “УХААЛАГ” ШҮҮХ

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө

Эрхэм хүндэт хуульчид, хууль сахиулагчид аа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүний эрх, шударга ёс, хуулийн засаглал” сэдвийн хүрээнд шүүх эрх мэдэл, хууль сахиулах салбарын тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлон хэлэлцэж, тэдгээрийг шийдвэрлэх гарц, гаргалгаа, шийдлийн талаар өнөөдрийн арга хэмжээ зохион байгуулагдаж байгаад баяртай байна. Ялангуяа Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд шүүхийн хараат бус байдлыг хангаж, шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэхтэй холбоотой шинэчлэл хийгдэж буй энэ цаг үед энэхүү зөвлөгөөн болж байгаа нь чухал ач холбогдолтой гэж харж байна.

Миний хувьд шударга шүүхээр шүүлгэх эрх, цахим шилжилт, “ухаалаг” шүүх гэсэн” 3 сэдвийн хүрээнд Та бүхэнтэй санал бодлоо хуваалцая гэж бодож байна.

Шударга шүүхээр шүүлгэх эрх гэж юу бэ? 

Монгол Улс 1992 онд ардчилсан үндсэн хуулиа баталж иргэний, хүмүүнлэг нийгэм байгуулж буйгаа тунхаглан зарласан. Энэ хүрээнд Хүний эрхийн түгээмэл тунхаглалд тусгагсан хүн бүрийн эдлэх эрх, эрх чөлөөг шинэ Үндсэн хуульдаа бүтэн бүлэг болгон нэг бүрчлэн томьёолон баталгаажуулсан.

Иргэний, ардчилсан нийгэмд хүний эрх, эрх чөлөөг хүн бүр баталгаатай эдлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд төрийн бодлого, үйл ажиллагаа чиглэгдэж, хэн боловч эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх эрхтэй гэж Үндсэн хуульд заасан.

Монгол Улсын Шүүхийн тухай хуульд шүүхийн эрхэм зорилго бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Үндсэн хуульт байгууллыг бататган бэхжүүлж, хамгаалах; хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх; хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх; шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах гэж тодорхойлсон байдаг.

Тийм ч учраас Шударга шүүхээр шүүлгэх эрх хүний бусад эрх, эрх чөлөөгөө эдлэх баталагаа нь болж, түүний хэрэгжилтээр улс орнуудын хөгжлийн түвшин, ардчилсан байдлыг хэмждэг жишиг хэдийнээ тогтсон байна.

Монгол Улсад шүүхийн шинэтгэл үе шаттай хэрэгжиж шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах чиглэлээр чамлахааргүй ахиц дэвшил гарч байна. Үүний нэг тод жишээ бол Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог үндсэн хуулиар байгуулж, шүүгч, шүүгч биш гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулах замаар тодруулж томилж буй явдал юм. Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгодог болж байгаа, Ерөнхийлөгчийн шүүгчийг томилхоос үндэслэлгүйгээр татгалзах эрхийг халсан, шүүхийн төсвийг бууруулахгүй байх зарчмыг тусгасан, шүүгчид нөлөөллийн мэдүүлэг бөглөдөг болсон зэрэг зохицуулалтууд нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлын баталгаа болж байна. 

Шударга шүүх нь хараат бус, бие даасан байхаас гадна үйл ажиллагаа нь  нээлттэй, ил тод, хүртээмжтэй, хүрэлцээтэй байх шаардлагатай. Жишээ нь хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй, харааны бэрхшээлтэй иргэд шүүхийн барилга, байгууламжид саадгүй нэвтрэх, шүүх хуралдаанд биечлэн оролцох, орон нутагт, алслагдмал газар оршин суудаг иргэд шүүхэд хандах нөхцөл, боломжийг бүрдүүлэх, бага насны хүүхэд холбогдсон хэрэг маргааныг шийдвэрлэх тохиромжтой орчинг бүрдүүлэх замаар шүүх хүн бүрт ээлттэй, хүртээмжтэй, хүрэлцээтэй байж хүн бүрийн шударга шүүхээр шүүлгэх эрх хангагдана.  

Шударга ёс зохих хугацаанд буюу хуульд заасан хугацаанд түргэн шуурхай тогтоогдох ёстой. Хүний эрхийн үндэсний комисст “ямар ч шалтгаангүй хоол ундгүй өдөржин дагуулж явсан, ус уулгахгүй,  ар гэрийнхэнтэй холбоо бариулахгүй, бүтэн өдөр нэг өрөөнд суулгасан, эрүүгийн хэрэгт удаан хугацаагаар холбогдуулан шалгасан, хуульд заасан хугацаа дууссан байхад тогтоол, шийдвэргүйгээр илүү хугацаагаар цагдан хорьсон” гэх гомдлууд ирдэг. Шударга шүүхээр шүүлгэх эрхийн чухал бүрэлдэхүүн хэсэг нь аль болох богино хугацаанд хэргээ хянан шийдвэрлүүлэх эрх байдаг. Тэгвэл шударга ёс тогтоох ажиллагаа үндэслэлгүйгээр  удаан хугацаанд үргэлжилэх нь шударга ёсыг үгүйсгэж буй хэрэг юм. Энэ нь зөвхөн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганаас бус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурор, өмгөөлөх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанаас хамаардаг зөвлөгөөнд оролцогчид дор бүрнээ анхаарахыг хүсье.  

Шударга шүүхээр шүүлгэх эрхийн хүрээнд ХЭҮК ирдэг түгээмэл хүний эрхийн зөрчлийн талаар товч танилцуулъя.

Хүний эрхийн үндэсний комисст энэ онд 10 дугаар сарын 7-ны өдрийн байдлаар эрүү шүүлтээс ангид байхтай холбоотой гомдол 25 гомдол ирсэн байна. Энэ нь эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг яаралтай ажиллуулах, Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг мөрдөн шалгах бие даасан байгууллагыг байгуулах шаардлага байгааг харуулж байна. Дарамт шахалт үзүүлж, хэл үгээр доромжилсон, цахилгаан бороохойгоор бороохойдсон цагдаагийн кабоны гаднах шонгоос хүлж, өдөржин байлгаж, хоол унд өгөөгүй, гуян дээр гуталтай хөлөөрөө дэвсэлж, толгой руу цохисон,

 

Хууль зүйн туслалцаа авахтай холбоотой 63 Өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхийг хангаагүй, Өмгөөлөгчийг байлцуулалгүйгээр мэдүүлэг авсан, Цагдан хорих асуудлыг шийдвэрлэх шүүх хуралд өмгөөлөгчийг оролцуулаагүй, Өмгөөлөгч эрх зүйн туслалцаагаа бүрэн үзүүлээгүйгээс эрх зүйн байдал дордсон

 

           Хууль бусаар баривчилсантай холбоотой 10 “ямар ч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байхад эрүүлжүүлсэн”

 

Хууль бусаар цагдан хорьсонтой холбоотой 14, “хуульд заасан хугацаа дууссан байхад тогтоол, шийдвэргүйгээр илүү хугацаагаар цагдан хорьсон, хэрэг шүүхийн шатанд шилжсэн гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөхгүй байна

 

Хилс хэрэгт холбогдсон 60

Хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой 12, “Сэтгэл санааны болон эд хөрөнгийн хохирлоо бүрэн барагдуулж чадахгүй байна, Шүүхийн шийдвэрийн дагуу гарсан хохирлоо төлүүлж чадахгүй байна”

Нотлох баримт шалгуулахтай холбоотой 25, Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг хүлээн авахаас татгалзсан, Хэргийг үндэслэлгүй шийдвэрлэсэн, чухал нотлох баримтыг үнэлээгүй

Шүүхэд гомдол гаргахтай холбоотой 20 гомдол ирээд байна. Шүүхийн шийдвэрийг гардуулж өгөөгүйгээс дээд шатны шүүхэд гомдол гаргах хугацаа хэтэрсэн, Улсын дээд шүүх хуралд оролцуулаагүй, гаргасан тогтоолоо гардуулж өгөөгүй

Шударга шүүхээр шүүлгэх эрхийн асуудал шүүх хуралдааны өмнөх шат шүүх хуралдааны шатад яригддаг гэж ойлгогдог тул шударга шүүхээр шүүлгэх эрхийг шүүхийн шийдвэр гарсанаар хангагдсанд тооцдог хандлага түгээмэл байна. Тэгвэл амьдрал дээр шүүхийн шийдвэр хэрэгжихгүй байх, түүнийг хэрэгжүүлэхгүй байх явдал байгаа нь иргэдэд шударга шүүхээр шүүлгэх эрхийн хэрэгжилтэд эргэлзээ төрүүлж байдаг. Ялангуяа иргэн, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны гүйцэтгэлийн хувь хэмжээ бага байгаа нь иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх бүрэн хангагдахгүй байгаагийн нэг илрэл юм.  Тиймээс шударга шүүхээр шүүлгэх эрхийн хүрээнд шүүхийн шийдвэр заавал биелэгддэг байх, хохирогчийн эрх зүйн байдлыг сэргээх, хохирлыг барагдуулснаар иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх бүрэн дүүрэн хангагдсан гэж үзэх бөгөөд шүүх, хууль сахиулах байгууллагуудад иргэдийн итгэх итгэл нэмэгдэж, шударга ёс бодитоор тогтож чадна.

 

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө

Эрхэм хүндэт хуульчид, хууль сахиулагчид аа

Дэлхий нийтийг айдаст автуулсан цар тахал хоёр дахь жилдээ үргэлжилж бүхий л салбарт шинэ сорилт, шинэ бэрхшээлийг дагуулж байна. Хүн төрлөхтөн “шинэ ердийн” дэглэмд дасан зохицож оршин тогтнохоос өөр замгүй болж төрийн үйл ажиллагаа, үйлчилгээ эрчимтэй цахимжиж байна. Тэгэх нь ч зөв байх. Цаг үеийн нөхцөл байдал, цахим технологийн хөгжилтэй хөл нийлүүлж шүүх эрх мэдэл, хууль сахиулах салбарт цахим шилжилтийг зөв зохистой хийх нь шүүх, хууль сахиулах байлуулагуудыг нээлттэй, илүү хүрэлцээтэй, хүртээмжтэй, хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг түргэн шуурхай  болгоход дэм болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсад өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж хатуу хөл хорио тогтоосон үед бүх шатны шүүх, байгууллагууд ZOOM, Skype болон бусад программ хангамжийг ашиглан зайнаас явуулласан бөгөөд үүнтэй холбоотой хүндрэл, бэрхшээл нилээдгүй гарсан хэдий ч тодорхой туршлага хуримтлуулж алдаа оноогоо засаж сайжруулсан гэдэгт итгэлтэй байна. Урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчид биеэр очихгүйгээр цахим технологи ашиглан биечлэн оролцож, тайлбар, нотлох баримт зэргийг цахимаар мэдүүлснээр орон зай, цаг хугацааны шинжтэй саад бэрхшээлийг бууруулж, зардал багатайгаар хэрэг маргааныг аль боломжит хурдан хугацаанд шийдвэрлэж иргэдийн эрхийг хангахад чиглэсэн чухал алхам гэж үзэж байна.

Өнгөрсөн хугацаанд шүүхийн шинэтгэлийн хүрээнд хэргийн хөдөлгөөний бүртгэлийн систем, хэргийн цахим хуваарилалт, шийдвэрийн цахим сан, цахим хуралдаан  зэрэг цахим шилжилттэй олон чухал ажлууд хийгдэж үр дүн гарч байгаа ч блокчейн, үүлэн технологи гэх мэт илүү дэвшилтэд технологийн шийдлийг нэвтрүүлэх нь өндөр ач холбогдолтой. Уг технологийг нэвтрүүлснээр нотлох баримт алга болох, нотлох баримт солигдох, засвар өөрчлөлт хийх зэрэг явдлыг таслан зогсоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хүний нөлөөлөл, хүчин зүйлээс ангид байлгах, улмаар хэрэг маргаан шударгаар шийдвэрлэгдэх нөхцөл бүрдэнэ гэж харж байна. Түүнчлэн шүүх эрх мэдлийн байгууллагууд бүрэн цахимжсанаар хоорондоо мэдээлэл солилцох, аливаа хуралдаан, ажил, арга хэмжээний давхардал арилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог байгууллагуудын уяалдаа холбоо сайжирч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ил тод, нээлттэй болж холбогдогчдын эрхийн зөрчил багасаж иргэд хуулийн байгууллагууд хоорондын үл ойлголцол, зөрчил арилана. 

Улс орнууд цахим шилжилтийн хүрээнд “ухаалаг” шүүхийг бий болгож хэрэг маргаан шийдвэрлэх ажиллагаандаа хэдийнээ нэвтрүүлээд эхэлсэн байна. Ухаалаг шүүх гэж юу юм бэ? Хиймэл оюун ухаанд суурилсан, өгөгдөлд анализ, дүн шинжилгээ хийх замаар, хүний оролцоогүйгээр ил тод, шийдвэр гаргадаг төхөөрөмж бүтэц гэж хэлж болох юм. Ухаалаг шүүх нь бүрэн автоматжсан байдаг бөгөөд талуудад зөвлөгөө өгөх, талуудыг эвлэрүүлэн зуучлах, шаардлагатай мэдээ, мэдээллийг гаргаж өгөх замаар иргэдийн цагийг хэмнэхээс гадна өмгөөлөгчийн зардлыг хэмнэдэг тул эдийн засгийн хувьд хэргийн оролцогчид ашигтай байх боломжтой юм. Үүнээс гадна шүүхийн ачааллыг бууруулж, шаардлгаатай мэдээ, мэдээллийг шуурхай гаргах, дүн шинжилгээ хийж тайлан мэдээг богино хугаацаанд гаргаж өгөх зэрэг давуу талтай болно. Тэгэхдээ мэдээж цахим шилжилтийг бүрэн хэрэгжүүлэхэд хугацаа, хөрөнгө мөнгө бэлтгэгдсэн боловсон хүчин шаардагдана. Тийм учраас өнөөдрөөс шүүх эрх мэдэл, хууль сахиулах салбарын алба хаагчдид өөрсдийгөө бэлтгэх, цахим технологийн талаарх мэдлэгийг тусгай хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, мэрэгжлийн давтан сургалтын хөтөлбөрт дэвшилтэт технологи, түүнийг ашиглах талаарх хичээлийг заавал үздэг болгох зэрэг арга хэмжээг үе шаттай авч  хэрэгжүүлэх шаардлагатай.  

Цаашид шүүх эрх мэдэл, хууль сахиулах үйл ажиллагаанд цахим шилжилт, түүнтэй холбоотой хууль тогтоомжийн шинэчлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нөлөөллөөс ангид, нээлттэй, ил тод байлгах програм хангамж боловсруулж хэрэгжүүлэх нь хуулийн салбарын шинэтгэлийн үйл явцын нэг хэсэг байх гарцаагүй юм.

Анхаарал тавьсанд баярлалаа