Дэлгэрэх зуны эхэн сарын, дүүрэн билэгт шинийн 3-ны ерөөлт өдөр домог түүх, дуу шүлэг, ерөөл магтаалд мөнхөрсөн Өндөрхаан хайрханы тэнгэр сахиусанд төр, түмэн олон хүндэтгэл үзүүлж, тахих ёслол боллоо.
Хайрханаа тайх ёс бол Монголчууд бидний олон мянган жилийн уламжлалт зан заншил, хүн, байгаль амь нэгтэйг өнө эртнээс таньсан өвгөдийн билиг ухааны илэрхийлэл, Монголоор овоглосон оюуны өв соёл билээ.
Тахилга нь зүгээр нэг байгальд хүндэтгэл үзүүлсэн ёслол төдий зүйл бус. Энэ нь уул, усныхаа амин чанар болох лус савдагийг аргадаж, тэдэнтэй оюун санааныхаа хүчин чадлаар холбогдон харилцаж, хүн-байгалийн хүйн холбоо хэлхээг бататган дээдэлсэн чухал ёслол байдаг.