Улаанбаатар хотод шилжин ирэгсдийн 37 хувь нь ядуу
Мянганы хөгжлийн зорилтуудыг Улаанбаатар хотод тодорхойлох замаар нийслэлийн хөгжлийг тоймолж, нутгийн захиргааны байгууллагуудаас баримтлах бодлого, зорилтыг томьёолох ажлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хийж гүйцэтгэсэн байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын ядуурлын төвшин 21.9 хувьтай гарсан бол ядуурлын гүнзгийрэлт 6.3 хувьд хүрсэн байна.
Гол нь Улаанбаатар хотод шилжин ирж суурьшигчдын 37.0 хувь нь ядуу байгаа нь нэлээд анхаарал татаж буй аж. Нэг ёсны шилжин ирэгсдийн 72.7 хувь нь Улаан-баатар хотын захын хэсгээр, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн төлөвлөгдөөгүй суурьшлын бүсэд зөвшөөрөлгүй суурьшдаг. Үүнээс үүдээд Улаанбаатар хотын ядуурлын чиг хандлага нь хотын төвийн болон захын дүүргүүдийн оршин суугчдын хувьд, мөн шилжин ирэгсдийн хувьд ялгаатай байсаар байна. Хотын захын болон алслагдсан дүүрэг, хороодод ажилгүйдэл, ядуурлын төвшин харьцангуй их, гэр хороололд оршин суугчдын эдийн засгийн чадавхи орон сууцанд суугчдынхаас доогуур буюу гэр хороололд амьдрагсдын 45.0 хувь ядуу байхад байшин хороололд суугчдын 15.0 хувь
нь ядуу амьдарч байгаа дүн гарчээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нийт өрхийн 18.9 хувь ядуу байгаа нь ядуурал хамгийн ихтэй Налайх дүүрэгтэй харьцуулахад 18.1 хувиар бага байжээ. Ийнхүү дээрх судалгааны дүнг олон нийтэд танилцуулснаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын уйл ажиллагаа энэ хэсэгт анхаарлаа хандуулах бололтой.