2025-2026 онуудад сургалтын шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэнэ
Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн анх удаа бүх түвшний боловсролын хөтөлбөрүүдэд нэгдсэн дүн шинжилгээ хийж дууслаа.
Хичээлээр дамжуулан суралцагчдад олгож байгаа чадамжийг судлахдаа олон улсын үзүүлэлтүүдтэй ч харьцуулсан байна. Чадамжийг тодорхойлохдоо
Хувь хүний
Хүн хоорондын болон нийгмийн харилцааны
Мэдлэг, мэдээллийн менежментийн
Дижитал бичиг үсгийн чадамж гэсэн үндсэн 4 хэсэгт хувааж үзсэн байна. Ингээд түвшин тус бүрээр авч үзвэл
Сургуулийн өмнөх боловсролоор дамжуулан хүүхдүүд
- Танин мэдэхүйн чадамжийг 49 хувь
- Бие бялдрыг хөгжлийг 19 хувь
- Нийгэмшихүйн чадамжийг 40 хувийг эзэмшиж байна.
Бага боловсролын түвшинд
- Танин мэдэхүй 43 хувь
- Бие бялдар, зан үйл 18 хувь
- Хэл, нийгмийн харилцаа 39 хувь
Суурь болон бүрэн дунд боловсролын түвшинд
- Бүтээлч сэтгэлгээ 23-25 хувь
- Нийгэмшил, сэтгэл хөдлөл 19-20 хувь
- Хувь хүний хөгжил 21 хувь
- Мэдээлэл технологийн хэрэглээ 16-17 хувь
- Монгол ба дэлхийн иргэний ур чадварын 18-20 хувийг эзэмшиж байна гэж дүгнэжээ.
Олон улстай харьцуулсан үзүүлэлтээр Монгол хүүхдүүд
- Эрсдэл хүлээх
- Бусдын оронд өөрийгөө тавьж ойлгох
- Ардчилсан, оролцоотой байх
- Зөрчилдөөнийг шийдвэрлэх
- Хувийн болон нийгмийн хариуцлага хүлээх чадвар эзэмшүүлэх агуулга хөтөлбөрт сул туссан байна.
Мэргэжлийн боловсролын түвшний суралцагчид
- Бүтээлч байх
- Хэлний ур чадвар
- Ногоон ур чадвар
- Шүүмжлэлт сэтгэлгээ зэрэг үзүүлэлт хангалтгүй байна.
Их дээд сургуульд суралцаж байгаа оюутнууд
- Ажлын байранд тууштай байх
- Шударга байх
- Инновац, энтерпренер чадвар
- Алсын хараа
- Түншлэлийн тухай ойлголт
- Бусдыг манлайлах, хүчирхэгжүүлэх зэрэг ур чадвар дутмаг байна.
Тиймээс дээрх ур чадваруудыг түвшин бүрд сургууль, хичээлээр дамжуулан олгох чиглэлд онцгой анхаарах шаардлагатай байна.
Олон улсын дундаж үзүүлэлтээр бага ангид 11, дунд ангид 16 төрлийн хичээл судалж байна. Харин манай улсын тухайд бага ангид 10, суурь болон бүрэн дунд боловсролын түвшинд 20 хичээл үзэж байгаа юм. Суурь боловсролын түвшинд хичээлийн тоогоор манай улстай ойролцоо улс орнууд нэгж хичээлийг судлах цагаар нь авч үзвэл манайхаас бага байгаа юм. Тиймээс хичээлийн тоо болон нэгж хичээлийг судлах цагийг уялдуулах байдлаар хөтөлбөрийг шинэчлэх шаардлагатай байна.
Эндээс хийж байгаа бас нэг том дүгнэлт бол олон улсын хэмжээнд цэцэрлэг болон бага ангид хувь хүний хөгжлийг, дунд ахлах ангид танин мэдэхүйн ур чадварыг хөгжүүлдэг. Гэтэл манайд энэ үзүүлэлт урвуу байгаа юм. Өөрөөр хэлбэл манай сургуулиуд бага насанд нь танин мэдэхүйн мэдлэг түлхүү олгож, суурь боловсролын түвшнээс хувь хүний хөгжилд анхаарч эхэлдэг. Гэтэл энэ нь хэдий нь хоцорсон байдаг байна. Тиймээс энэ урвуу тогтолцоог засах шаардлага бидний өмнө тулгарч байна.
Хөтөлбөрийн шинжилгээг боловсролын судалгааны үндэсний хүрээлэн бэлэн болголоо. Тун удахгүй Боловсролын үнэлгээний төв багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг нэгтгэж дуусна. Мөн Кембриджийн ажлын хэсгийн манай улсын боловсролын салбарт хийсэн тандалт судалгаа, PISA олон улсын үнэлгээний тайлан ирэх онд бэлэн болно. Ингэснээр бид боловсролын салбарт иж бүрэн “ОНОШИЛГОО” хийж дуусах юм. “ОНОШ” зөв бол “ЭМЧИЛГЭЭ” үр дүнтэй болно.
Сургалтын хөтөлбөрийн менежментийн циклийг баталж, УИХ-аар хэлэлцэж буй боловсролын багц хуулийн төслүүдэд ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг сургалтын тогтолцооны үргэлжлэх хугацаатай тэнцүү байхаар тусгасан. Ингэснээр 2025-2026 онуудад сургалтын шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөн бэлтгэл ажлыг ийнхүү эхлүүллээ. Ирэх жилээс шинэчилсэн хөтөлбөрийн хэлэлцүүлгүүд эхэлнэ.