"Ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх нь" сэдэвт хэлэлцүүлэг, уулзалт боллоо
2022.06.15

"Ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх нь" сэдэвт хэлэлцүүлэг, уулзалт боллоо

Канадын Засгийн газрын дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монгол Улсын Төрийн албаны зөвлөлтэй хамтран “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийг 2018 оноос хэрэгжүүлж байгаа билээ.

Төслийн хүрээнд төрийн албаны шинэтгэл, албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага, ажлын гүйцэтгэл, үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор сургалт, хэлэлцүүлгийг Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн төрийн албан хаагчдад зохион байгууллаа.  Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Төрийн албаны зөвлөлөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Ёс зүйн зөвлөл болон Хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжийн дарга, гишүүдэд зориулж "Ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх нь" сэдэвт хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгуулав.

 Хэлэлцүүлгийг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг нээж, төрийн албаны шинэтгэлийн үйл явц, үр дүн, Төрийн албаны зөвлөлөөс санаачлан хийж хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар товч танилцуулж, төрийн дээд гурван байгууллагын Ёс зүйн зөвлөлийн гишүүд нэгдсэн ойлголт, туршлагаа солилцоход чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байгааг тэмдэглэв.

Тус хэлэлцүүлэг, уулзалт ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх, харилцан туршлага хуваалцах, ёс зүйн зөвлөлийн гишүүдэд төрийн албаны ёс зүйн шинэлэг мэдлэг, ур чадвар олгох, төрийн албан хаагчийн зарчимч, шударга байдлыг нэмэгдүүлэх байгууллагын зөөлөн менежментийн арга зүйг нэвтрүүлэхэд чиглэлээ. Мөн төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд хийсэн судалгаа, Байгууллагын соёлыг бүтээхэд ёс зүйн зөвлөлийн үүрэг, оролцоо зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг туршлага солилцсон юм.

Улсын Их Хурлын Тамгын газрын Ёс зүйн зөвлөл 7 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр 2021 оны 12 дугаар сард шинэчлэн байгуулагдсан ба Төрийн албан хаагчийн баримтлах ёс зүйн хэм хэмжээг сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах, төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хүлээн авч, шалган тогтоох, дүгнэлт гаргах чиг үүрэгтэйгээр ажиллаж байна. Ёс зүйн зөвлөлийн даргаар Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга С.Янжинхорлоо, гишүүдэд Дотоод аудитын албаны дарга Я.Баттогтох, Хууль эрх зүйн газрын Эрх зүйн дүн шинжилгээний хэлтсийн ахлах зөвлөх П.Амаржаргал, Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн ахлах референт Э.Энхтунгалаг, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах референт Г.Хэрлэн, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн референт А.Ганзориг, Мэдээллийн технологийн хэлтсийн шинжээч Ш.Чимэддагва нар байгууллагын нийт ажилтнуудын олонхын саналаар сонгогдон ажиллаж байна.