Баянгол дүүрэгт “Ажилсаг хүүхэд” хөтөлбөр хэрэгжиж байна
2022.06.15

Баянгол дүүрэгт “Ажилсаг хүүхэд” хөтөлбөр хэрэгжиж байна

УИХ-ын гишүүн С.Одонтуяа энэ хөтөлбөрийн гол зорилго, үр дүнг ийн талаар тодруулга, мэдээлэл өглөө. 

Хүүхдүүдийг өөр хооронд нь ямар нэг зүйлээр “уралдуулдаг” арга хэмжээ, хөтөлбөр, тэмцээнүүд олон бий. Гэтэл ямар нэгэн тэмцээн уралдаан, спорт өдөрлөгт оролцож амждаггүй хүүхдүүд цөөнгүй байдаг. Товчхондоо, ар гэрийнхэн, аав ээждээ тусалдаг, бяцхан дүүгээ харалцдаг мундаг хүүхэдүүд байгаа. Тиймээс тэднийгээ урамшуулах, зөв зүйтэй зүйл хийж байгааг нь ойлгуулах, аливаа зүйлийг хийхдээ чин сэтгэлээсээ, урам авч хийдэг болоход нь нөлөөлөх зорилготой “Ажилсаг хүүхдүүд” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.

Ер нь монгол ахуй, хөдөлмөрч байдал, ажилсаг байх гэдэг зүйлийг нь хөгжүүлж байх учиртай. Одоо яг тийм зүйл орхигдоод байна уу даа гэж харагддаг. Улмаар хөтөлбөрөө эхний ээлжинд Баянгол дүүргийн “Сэтгэмж” цогцолбор дээр зохион байгуулсан. Видео бичлэгээр хүүхдүүд гэртээ юу хийдэг ажлуудаа танилцуулсан. Ямар олон хөөрхөн дүр зураг харагдаж байсныг үгээр хэлшгүй. Хамгийн гол нь хүүхдүүд маш идэвхтэй оролцож, багш нар нь ч энэ хөтөлбөрийг улам өргөжүүлж, олон сургуульд хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна гэдэг саналаа хэлж байсан.

Тэнд ногоо арилгадаг, өдөр болгон аягаа угаадаг хүүхдээс эхлээд ээж аавынхаа ажлыг хөнгөвчлөөд банш бэлдэж хөлдөөгөөд тавьчихдаг бяцхан охин ч байна. Хүүхдүүд хашаандаа мод тарьж, ногоогоо ургуулж байна. Тэгэхээр энэ бүх хүүхдийн бие махбодид тохирсон хөдөлмөрийг хөгжүүлж, орхигдуулахгүй байхгүй бол дижитал эрин үед бидний ирээдүй, хойч үе болсон хүүхдүүд маань хэтэрхий их утасны хамаараотай болж байна. Хөдөлмөр, тэсвэр хатуужил, хүнд туслах гэдэг зүйлийг мэдэхгүй “залхуу” тодотголтой ирээдүйг бүтээж болохгүй биз дээ.

Томчууд бид энэ бүхнийг байнга бодолцож, ажилсаг хүүхдүүдээ дэмжиж, урамшуулж, алдаршуулж өгч чадаж байвал хүрээлэл, үе тэнгийнхэн нь ч дагаад өөрчлөгдөнө. Хүүхдүүд нэгнээ байнга дагаж дуурайдаг. Тэр утгаараа зөв зүйлд уриалж, зөв дадал суулгаж чадвал бусад нь ч зөвөөр үлгэрлэж эхэлнэ гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, хүндээ хөрөнгө оруулая гэвэл эдгээр зүйлийг жижиг гэж орхигдуулж, хойш тавьж яавч болохгүй.

-Яг таны хэлээд байгаа хүнд туслах, гэр орныхоо ажилд идэвхийлэх гэдэг зүйл орхигдсон хүүхдүүд олон байдаг. Тэгвэл энэ хөтөлбөр утаснаас салахаа байсан, дэлгэцийн донтолттой хүүхдүүдэд ч эерэгээр нөлөөлөх нь ээ?

Тэгэлгүй яахав. Ихэнх эцэг, эхчүүд өнөө цагт хүүхдүүд хэтэрхий залхуу байна. Утаснаас салахаа байлаа. Дэлгэцийн донтолт, тоглоом, элдэв буруу зүйлд автаж байна гэж ярьдаг. Мэргэжилтнүүд ч санал нэгтэй байдаг. Ер нь ямар хүн гэр бүл, хамт олон болж амьдарч сурах ёстой.

Би гэр бүлийнхээ төлөө ийм зүйл хийж чадна. Ээж, аав маань ядарч байгаа гэдэг ч юм уу “багийн ухаан”-д суралцах хэрэгтэй. Дижитал эрин үе гэдэг нэг талаараа хөгжил юм шиг ч нөгөө талаараа хүн бүхнийг холдуулж байна. Утастайгаа л найзлахаас биш эцэг, эхтэйгээ найзлахгүй байна. Энэ бүхэн чин эргээд асар хор уршигтай. Тиймээс гэрийн ажлын хуваарьт оролцож, ажилд сатаараад ирэхээр эргээд тухайн гэр бүлийн уур амьсгал, харилцаа сайжрах, хүүхэд эрүүлээр сэтгэх, хорт зуршлаас ангид байх зэрэг давуу талтай шүү дээ.

Сургуулийн захиргаа, багш нар маань хөтөлбөрт маш эерэгээр хандаж, сурталчилж өгч байгаа. Хүүхдүүд маань хөтөлбөрт хамрагдаад хийсэн ажлаасаа урам авч байна. Сургууль даяараа ажилсаг хүүхдийнхээ талаар ярь, магтаж, сайшааж байгаа. Энэ бүхэн маань хүүхдүүдэд ажилч, хичээнгүй байх сэдлийг нь бий болгож өгдөг. Цаашид илүү олон сургуулийг хамруулаад төслөө үргэлжлүүлнэ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn