Монгол Улсад “Төрийн хяналт үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэх тухай” Байнгын хорооны тогтоолыг баталлаа
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2022.06.15/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 06 дугаар сард Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа.
Энэ сард Төрийн байгуулалтын байнгын хороо Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мөн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэх байсан ч УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч буйг тус бүлгийн дарга Д.Ганбат мэдэгдсэн учир хэлэлцүүлгийг хойшлууллаа.
“Монгол Улсад Төрийн хяналт үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.
Монгол Улсад Төрийн хяналт-аудит үүсэж хөгжсөний түүхэн 100 жилийн ой 2022 онд тохиож байгаа аж. Үүнтэй холбогдуулан төрийн санхүү, төсвийн хяналтыг хэрэгжүүлэх үйл явц болон хөгжлийнхөө бодлого, стратегийг иргэд, олон нийт, харилцагч талуудад үнэн зөвөөр хүргэх, тэдний хүсэл бодлыг сонсох үйл ажиллагааг Улсын Их Хурал, Засгийн газраас дэвшүүлсэн төсвийн хэмнэлтийн бодлого, зарчимд нийцүүлэн зохих төлөвлөгөө, нэгдмэл зохион байгуулалтын дор сурталчлан таниулах үйл ажиллагааг дэмжин Төрийн байгуулалтын байнгын хорооноос тогтоолын төслийг боловсруулсан хэмээн УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулсан юм.
Тогтоолын төсөлд Монгол Улсад Төрийн хяналт үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн аудитын тухай хуулийн шинэчлэлийн үзэл баримтлал, хөгжлийн бодлогод нийцсэн төрийн санхүү, төсвийн хяналтын чиг үүргийг сайжруулах зорилго, “төрийн хяналт-аудит” үүсэж хөгжсөний түүхэн үйл явдал, тэмдэглэлт ойг бодит баримт, цаашдын хөгжлийн сайн туршлагад тулгуурласан онол практикийн бага хурал, бусад арга хэмжээг зохион байгуулах, төрийн хяналтын байгууллага үүссэнээс хойш төрийн санхүүгийн хөндлөнгийн хяналтын хараат бус (аудит) байгууллага хүртэлх хөгжлийн явц, үйл хэргийн ач холбогдлыг иргэд, олон нийтэд үнэн зөвөөр сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулахаар тусгажээ.
Монгол Улсад Төрийн хяналт- аудит үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг Төрийн хэмнэлтийн тухай хууль болон Засгийн газрын холбогдох журмыг баримтлан зохион байгуулахыг Монгол Улсын Ерөнхий аудиторт даалгасан байна.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжиж байгаагаа хэлээд бөгөөд тогтоолд ойн арга хэмжээг зохион байгуулахдаа баримтлах хууль, тогтоол, журмыг тодорхой оруулж өгөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Байнгын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжин, эцэслэн баталлаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn