Томуугийн шинэ халдвартай холбогдуулан татварын хуульд өөрчлөлт оруулна
2009.10.28

Томуугийн шинэ халдвартай холбогдуулан татварын хуульд өөрчлөлт оруулна

Эрүүл мэндийн сайд С.Ламбаа Засгийн газраас санаачлан боловсруулсан Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр үдээс хойш өргөн барьж, яаралтай хэлэлцүүлж өгөхийг хүслээ.


Томуугийн А хүрээний /H1N1/ вирусийн халдварын оношлогоо, эмчилгээнд хэрэглэх урвалж, оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, эрчимт эмчилгээний тоног төхөөрөмж, ариутгалын бодисыг импортоор оруулахад нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас чөлөөлөх тухай асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн байна.


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас томуугийн энэ шинэ халдварыг гурван жилийн хугацаанд үргэлжлэн тархах магадлалтайг мэдээлж байгаагаас гадна энэ өвчлөл цаашид манай орны олон аймаг, сумдыг хамарч, хурдацтайгаар тархах магадлал өндөр байгааг харгалзан Засгийн газар ийм арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байгаа аж.


Мөн Сангийн сайд С.Баярцогт “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьж, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16-гийн нэгд заасны дагуу яаралтай хэлэлцүүлж өгөхийг хүсэв.
Улсын төсвийн алдагдал, эдийн засгийн хямралыг даван туулах зарим арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор Засгийн газрын үнэт цаасны хэмжээг 250 хүртэлх тэрбум төгрөг байх нь зүйтэй. Засгийн газрын үнэт цаас гаргах нь эдийн засаг дахь сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг эргэлтэд оруулах замаар мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах хэрэгсэл болохоос гадна хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үнэт цаасны зах зээлийн үйл ажиллагааг идэвхижүүлэх зэргээр эдийн засгийн өсөлтөд ч нөлөөлнө гэж Засгийн газар үзэж байгаа юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтсээс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.