ХАБЭА-н Үндэсний хорооны хуралдаан боллоо
2022.06.29

ХАБЭА-н Үндэсний хорооны хуралдаан боллоо

Барилгын салбарт сүүлийн өдрүүдэд ойр ойрхон ноцтой осол аваар гарч, хүний амь нас эрсэдсэнтэй холбогдуулан МҮЭ-ийн холбооны санаачилгаар /2022.06.28/ өдөр ХАБЭА-н Үндэсний хорооны хуралдаан боллоо. 

Тус хурлаар Үндэсний хорооны гишүүд нийт ажил олгогч эздэд зориулсан уриалга гаргах, ХАБЭА-н Үндэсний хорооны 2022 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын кран, өргөх төхөөрөмжийн тоон бүртгэл, холбогдох зөвшөөрөл, техникийн үзүүлэлтэд үзлэг, шалгалт хамтран зохион байгуулах, барилгын салбарын үйл ажиллагаатай танилцах арга хэмжээг үргэлжүүлэн зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Хурлаар МХЕГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрын дарга Б.Батзориг “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээлэл”-ийг хийж, БХБЯ-ны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга “Барилгын салбарт мөрдөгдөж байгаа дүрэм, журам, стандартын талаар мэдээлэл өглөө. Энэ удаагийн хурлаар талууд хэлэлцсэн асуудлын хүрээнд шийдвэрийн төсөл гаргаж танилцуулахаар болов.