Оюуны өмчийн эрхийг хамгаалах, хяналтыг сайжруулах чиглэлд БНСУ-тай хамтран ажиллана
2022.07.19

Оюуны өмчийн эрхийг хамгаалах, хяналтыг сайжруулах чиглэлд БНСУ-тай хамтран ажиллана

Монгол улсын Оюуны өмчийн газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Оюуны өмчийн газар хоорондын “Оюуны өмчийн салбарт иж бүрэн хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. 

Уг санамж бичгийн хүрээнд талууд оюуны өмчийн эрхийг хамгаалах, хяналтыг сайжруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах, албан хаагчдыг сургах чиглэлээр хамтран ажиллахаар тохирлоо.

Талууд 1997 оноос хойш хамтарсан арга хэмжээ зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн бөгөөд БНСУ-ын Оюуны өмчийн газар, БНСУ-ын Шинэ бүтээлийг дэмжих холбооны дэмжлэгтэйгээр Зохистой технологийг хөгжүүлэх болон Нэг сум-нэг брэнд төсөл амжилттай хэрэгжиж, манай улсын төрийн бус байгууллага, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хамрагдаж байв. 

БНСУ-ын Оюуны өмчийн газар нь дэлхийн оюуны өмчийн салбарын голлох 5 оролцогчийн нэг (IP5) бөгөөд Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас гаргасан “Дэлхийн оюуны өмчийн үзүүлэлт тайлан”-д дурдсанаар БНСУ нь нэг хүнд ногдох дотоодын патентын мэдүүлгийн тоогоор сүүлийн 11 жил тасралтгүй тэргүүлж байна. Тус газар нь патент, ашигтай загварын мэдүүлгийг 11.1 сар, барааны тэмдгийн мэдүүлгийг 8.9 сар, бүтээгдэхүүний загварын мэдүүлгийг 4.6 сарын хугацаанд хянаж, зохих хариуг хүргүүлэн ажилладаг байна.