Ц.Элбэгдорж: Өнөөдөр хүний эрүүл мэндээс илүү чухал асуудал гэж байх ёсгүй
2009.11.06

Ц.Элбэгдорж: Өнөөдөр хүний эрүүл мэндээс илүү чухал асуудал гэж байх ёсгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Улсын Онцгой комиссын мэдээллийг сонсч, тодорхой үүрэг чиглэл өглөө.


Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболдын мэдээлснээр, А хүрээний N1H1 томуугийн халдвар аваад байгаа хүмүүсийн тоо 884д хүрч, 6 хүн нас барж, өвчин 17 аймгийг хамраад байна. Засгийн газар, гамшгаас хамгаалах өндөржүүлэн бэлэн байдал зарлаж, шаардлагатай арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авч байгаа. Тухайлбал, сургууль цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоож, нийтийг хамарсан арга хэмжээг хориглон, цэрэг татлагыг хойшлуулсан. Оюутны хотхонд түр эмнэлгүүдийг ажиллуулж эхэлсэн, НХХЯ-тай хамтран эмзэг бүлгийн 80 гаруй мянган иргэнд хүнсний нэмэлт тэжээл өгөхөөр шийдвэрлээд, хүнснийг татан төвлөрүүлж эхлээд байна.Хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн асуудлыг мэргэжлийн байгууллагууд судалж байгаа. Өнөөдрөөс эхлэн ОХУ, БНХАУ, Украин зэрэг улсуудаас вакцин авах асуудлыг зохих шугамаар нь эрчимтэй тавьж байгаа гэж Шадар сайд ярилаа.

Мэдээллийг сонссоны дараа, Ерөнхийлөгч, мэргэжлийн хүмүүстэй зөвлөлдсөний дагуу зарим үүрэг, чиглэлүүдийг өгөх нь зүйтэй гэж үзсэнээ хэллээ.

Ерөнхийлөгч, “Юуны өмнө нэн яаралтай, цаг алдалгүй доод тал нь 500 мянган хүн тун вакцин авах хэрэгтэй байна. Зөвхөн жирэмсэн эхчүүдийн тоогоор аваад үзэхэд л доод тал нь 50 мянган тун вакцин хэрэгтэй байгаа юм. Бид гадны орнуудаас тусламж гуйж цаг алдаж байх хооронд өвчлөл, нас баралт нэмэгдэж байна. Хэрвээ энэ байдлаараа 2 долоо хоног өнгөрвөл бидэнд вакцины хэрэггүй болж болох аюул ойрхон байгаа гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Засгийн газар үүн дээр мөнгө хайрлах, танах хэрэггүй юм. Шаардлагатай гэж үзвэл гадаад орнуудтай Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын түвшинд ярьж вакцинтай болох хэрэгтэй.

Хоёрдугаар чухал хэрэгцээт зүйл бол, бидэнд өвчилсөн хүмүүстээ өгөх эм бэлэн байх хэрэгтэй. Хүмүүс эмийн сангаас очоод шаардлагатай эмнүүдийг авчих боломжий нь хангасан байх ёстой. Доод тал нь 1 сая хүн эмчлэх нөөц байх ёстой.Иймээс яаралтай тамифлю, болон хөрш орнуудад үйлдвэрлэж байгаа ижил төрлийн үйлчилгээтэй эмнүүдийг нөөцөлж авья.

Гуравдугаарт, манай эмнэлгүүдэд хэрэглэж байгаа амьсгалын аппарат хуучирсан, хүрэлцэхгүй, тоо нь цөөхөн байна. Амьсгалын аппарат хаанаас худалдаж авч, яаралтай нийлүүлж болохыг судалж, доод тал нь 100 ширхэг амьсгалын аппарат бэлэн байлгах хэрэгтэй байна.

Хүмүүст өнөөдөр гурван зүйл чухал байна.

Нэгдүгээрт: Юу болж байгаа тухай бодит мэдээлэл

Хоёрдугаарт: Та бүхэн юу хийж байгаа тухай мэдээлэл

Гуравдугаарт: Хүмүүс юу хийх ёстойг хэлж өгөх хэрэгтэй. Энэ бол хямралын үеийн удирдлагын гол зарчим. Та бүхэн энэ зарчмаар ажиллаж байгаа гэж би ойлгож байгаа.

Эмч нар өдөр шөнөгүй ажиллаж байгааг би ойлгож байна. Тэд ядарч байна. Эмч, сувилагчдаа урам өгч, илүү цагийн мөнгий нь олгож, ядаж утасны мөнгийг нь чөлөөлж, орой гэртээ харихад нь хүргэж өгье.

Шуудхан хэлэхэд энэ бол тахал юм. Бидэнд өнөөдөр хүний эрүүл мэндээс илүү чухал зүйл гэж байх ёсгүй. Ямар ч төрлийн өвчин, хэзээ ч орж ирж магадгүй болсныг сүүлийн жилүүдэд гарч байгаа өвчнүүд харуулж байна. Биднээс бэлэн байдал шаардаж байна. Лаборатори шинэчлэх, эм үйлдвэрлэх гэхчилэн эрдэмтдийн ярьж байгаа цаашид бэлэн байхад шаардлагатай төсөв мөнгөнүүдийг батлуулах талаар хамтран ажиллая. Энэ цаг үед Засгийн газар, эрүүл мэндийн салбарын удирдлагууд цаашлаад ахмад настнууд, эцэг эхчүүдийн хариуцлага өндөр байх ёстойг дахин хэлье” гэлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.