2009.11.02

Томуугийн А хүрээний /H1N1/ вирусээр 736 хүн өвчилж 5 хүн нас бараад байна

2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 12.00 цагийн байдлаар томуугийн А хүрээний /H1N1/ вирусээр
 өвчилсөн хүний тоо 736 боллоо. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага манай улсад энэ сарын 9-нд 100 мянган хүн/тун вакцин нийлүүлэх байсан ч үйлдвэрлэгч компанитай холбоотойгоор энэ сарын сүүлч болж хойшилжээ.

Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболдын баталсан удирдамжийн дагуу томуугийн А хүрээний /H1N1/ вирусийн эсрэг хийж байгаа арга хэмжээг Мэргэжлийн хяналтын болон Онцгой байдлын газрын ажилтнууд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд шалгажээ.

Шалгалтын дүнг 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Улсын Онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэн цаашид авах арга хэмжээгээ тодотголоо.
Шалгалтад Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, улсын клиникийн болон дүүргүүдийн эмнэлэг, Эрүүл мэндийн нэгдэл, Халдварт өвчин судлалын үндэсний төв зэрэг 43 газар хамрагджээ.

Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Онцгой байдал зэрэг холбогдох байгууллагууд Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, Онцгой комиссын гаргасан албан даалгаврын дагуу ажиллаж бололцоотой бүх арга хэмжээг авч байна.

Гэхдээ илүү цагаар ажиллаж байгаа эмч нарын цалинг өнөөг хүртэл өгөөгүй, эмнэлгүүдийн ачаалал ихэссэн, эмнэлгийн байгууллагуудад хүргүүлсэн Тамифлю эм хангалтгүй, олон удаагийн халууны шил, халуун хэмжих цаас, амны хаалт, нэг удаагийн хамгаалах хувцас хүрэлцээгүй, амьсгалын аппарат дутагдаж байгаа нь шалгалтаар илэрчээ.

Өвчний эрсдэлийн үнэлгээ хийж цаашид авах арга хэмжээгээ тодотгох, тусгайлсан эмнэлэг бий болгох, эмнэлгүүд өвчтөн хүлээж авдаг журмаа илүү хялбар болгож түргэн шуурхай үйлчлэх, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг бүгдийг вакцинд хамруулах, өрхийн болон дүүргийн эмнэлгүүдэд амьсгалын аппарат өгөх, зөвхөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж гэлтгүй ойр зэргэлдээ орнуудаас вакциныг оруулж ирэх, эмч нарт илүү цагийн мөнгө, эм тариаг шаардлагын хэмжээнд хүртэл өгөх зэрэг саналыг комиссын гишүүд гаргалаа.

Улсын Онцгой комиссын хурлаар шалгалтын дүнг хэлэлцсэний дараа комиссын дарга, Шадар сайд М.Энхболд:
  • Улсын Онцгой комиссоос гаргасан албан даалгаврын дагуу авах арга хэмжээгээ эрчимжүүлэх
  • Эрүүл мэндийн сайдын тушаалаар өрхийн эмнэлгүүдэд ажиллах ёстой 680 резидент эмчийг бүрэн ажиллуулах
  • Нийслэл, аймгуудийн эмнэлэгт нийлүүлэх тоног төхөөрөмж, эмч нарын илүү цагийн мөнгийг Сангийн яам нэн даруй шилжүүлэх
  • Зарим эмнэлгийн ачаалал хэт ихэсч халдвар тархах магадлал өндөр байгаа учир холбогдох арга хэмжээ авах
  • Эрүүл мэндийн яам, Онцгой байдал зэрэг байгууллага мэдээ, мэдээллээ шуурхай солилцдог байх
  • Эмнэлгүүдийн одоогийн хүчин чадлыг тодорхойлох
  • Өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд хандсан зөвлөмж, ухуулга, сурталчилгааг Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн алба, Эрүүл мэндийн газар хамтран хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр энгийн, ойлгомжтой хэлбэрээр хүргэх
  • Гааль, НӨАТ-аас чөлөөлсөн учир Тамифлю эмтэй адил үйлчилгээтэй, вирусийн эсрэг өөр эмийг хаанаас, ямар хэмжээгээр оруулж ирж болохыг судлан хэрэгжүүлэх
  • Томуу, томуу төст өвчнийг эмчлэх эмийн үнэ өсч байгаа шалтгааныг холбогдох байгууллагууд судлаж тогтоох
  • Хязгаарлалтын дэглэм тогтоосон ч төдийлөн үр дүн өгөхгүй байгаа учир нийслэлийн удирдлагууд, Нийслэлийн Онцгой комисс цаашид ямар арга хэмжээ авахаа тодотгох
  • -ОХУ, БНХАУ-д энэ өвчин гарч манай улстай адил нөхцөл байдал үүсээд байгаа учир мэдээлэл солилцох, тэдний туршлагыг судлах
  • - Холбогдох байгууллагууд өвчлөлийн дараагийн шатанд авах арга хэмжээгээ төлөвлөх
  • Төв суурин газарт ус түгээх цэгийг байнгын устай байлгах, ялангуяа гэр хороололд үүссэн хогийн цэгийг устгаж нян, бохирдол үүсэн нөхцлийг үүсгэхгүй байх
  • Өрхийн эмнэлгийн дуудлагад явах автомашин хүрэлцэхгүй байгаа учир тухайн орон нутгийн захиргаа, цагдаагийн байгууллага хамтран шаардлагатай үед автомашиныг саадгүй гаргаж байх үүрэг, чиглэл өгсөн байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.