“Хүүхдүүд маань ая тухтай, дулаан орчинд суралцах болсонд баяртай байна”
2022.07.27

“Хүүхдүүд маань ая тухтай, дулаан орчинд суралцах болсонд баяртай байна”

Засвар хийж өнгө нэмэхийн сацуу дулааны алдагдал бууруулах төсөл хэрэгжиж буй зарим сургууль цэцэрлэгт өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө очиж, засварын ажлын явцтай танилцлаа.

Энэ үеэр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байрлах 83 дугаар цэцэрлэг 20 бүлэгтэй, 800 гаруй хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, 104 багш ажиллагсадтай нийслэлийн томоохон цэцэрлэгүүдийн нэг юм. Тус цэцэрлэгийн А байр  1979 онд ашиглалтад орсон бол Б байр буюу өргөтгөл нь 2017 онд ашиглалтад орсон байна. Цэцэрлэгийн 24 цагийн үйл ажиллагаатай Б байрыг газрын гүний дулаанаар халаах төсөл хэрэгжсэнээр 320 хүүхэд ая тухтай орчинд сурч хүмүүжих боломж бүрдэж буйд баяртай байна гэж 83 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Т.Сэлэнгэ хэлж байлаа.

Харин 154 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Г.Жимсээ:

-Манай цэцэрлэг 110 хүүхдийн хүчин чадалтай хэдий ч хүн амын нягтаршлаас хамаараад өнгөрсөн хичээлийн жилд 192 хүүхэд сурч хүмүүжсэн. Гэтэл манай хамран сургах тойрогт 170 орчим хүүхэд цэцэрлэггүй үлдээд байдаг. Тиймээс ирж буй хичээлийн жилд ч мөн 190 хүүхэд авахаар байгаа. Нэг ангид 40 хүүхэд хүмүүждэг. Манай цэцэрлэг 2016 оноос эхэлж сэрүүхэн өвөлжих болсон. Нийслэлийн Агаарын чанарын албанаас хэмжилт хийхэд дулааны алдагдал маш өндөр гарсан. Тиймээс нийслэл, дүүрэг гэхчлэн бүх шатны байгууллагад хандаж, энэ жилийн төслийг хэрэгжүүлэхээр болсон. Дулаалгын засвар хийж, хамтран ажилласан бүх хүмүүст талархал илэрхийлье гэсэн юм.