“Улаанбаатар хотын цэвэр агаар” нэмэлт санхүүжилтийн төсөл дүүргүүдэд хэрэгжиж байна
“Улаанбаатар хотын цэвэр агаар” нэмэлт санхүүжилтийн төсөл нь 2012 оноос хойш хэрэгжиж буй бөгөөд 2020 оноос хоёрдугаар шат нь эхэлжээ.
Эрчим хүчний хэмнэлт гаргах зорилго бүхий уг төслийн талаар төслийн зохицуулагч Н.Баяртогтох хэлэхдээ:
-Нийслэлийн сургууль цэцэрлэгийн цөөнгүй хувь нь олон жилийн өмнө баригдсан учир дулааны болон эрчим хүчний алдагдал ихтэй байдаг. Тиймээс алдагдал бууруулж хэмнэлт гаргах зорилгоор манай төсөл хэрэгжиж байна. Бидний хүрч ирээд буй Чингэлтэй дүүргийн 154 дүгээр цэцэрлэг л гэхэд дулаан алдагдал ихтэй, өвлийн улиралд анги танхимын дулаан 10-12 хэмээс хэтэрдэггүй байх жишээтэй. Тиймээс дулаан алдагдлыг бууруулж хүүхэд багачуудыг ая тухтай орчинд хүмүүжүүлэхийн дээр эрчим хүчний хэмнэлт гаргах үүднээс уг цэцэрлэгийг төсөлд хамруулсан. Энэ жилийн хувьд нийслэлийн хэмжээнд есөн сургууль, цэцэрлэг манай төсөлд хамрагдаж байгаа. Мөн бид хуучны угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулах төсөл хэрэгжүүлж байна. Эрчим хүчний хэмнэлт нь зөвхөн тухайн байгууллага, айл өрхүүдэд гараад зогсохгүй төвийн системийн хэмжээнд хэмнэлт болж өгдгөөрөө онцлог.
-Төсөл нийслэлийн аль дүүрэгт хэрэгжиж байна вэ?
-Бараг бүх дүүрэгт нэг зэрэг хэрэгжиж байгаа. Сонгинохайрхан дүүрэгт орон сууцны дулаан алдагдлыг бууруулж буй бол Баянгол, Чингэлтэй, Налайх, Баянзүрх дүүргүүдэд сургууль цэцэрлэгийн дулаан алдагдлыг бууруулах ажлыг хийж байна. Сургууль цэцэрлэг эхлэхээс өмнө ажлаа бүрэн дуусгана гэсэн юм.