Самбар буулгах ажлыг голчлон шөнийн цагаар гүйцэтгэж байна
2022.07.29

Самбар буулгах ажлыг голчлон шөнийн цагаар гүйцэтгэж байна

Зөвшөөрөлгүй байршуулж, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй самбар, сурталчилгааг буулгах ажлыг Улаанбаатар зам засвар, арчлалтын газар гүйцэтгэж байна.

Авто кран болон, хүнд даацын тээвэр хийх боломжтой автомашиныг ашиглан ажиллаж буй тус хамт олны хувьд өнгөрч буй хугацаанд нийтдээ 74 самбарыг буулгажээ.

Ихэнхдээ үдэш оройн цагаар ажиллаж, том хэмжээний самбар буулгадаг гэдгийг Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын ерөнхий инженер Б.Баатархүү онцолж байлаа. Тэрбээр цааш хэлэхдээ:

-Манай хотын хувьд гудамж замын нэршил, байршил, зүг чиг заасан тэмдэг тэмдэглэгээ ховор байдаг. Улаанбаатар хотын иргэд үүнийг тэр бүр анзаардаггүй. Гэтэл гадаадын зочид төлөөлөгчид болон хөдөө орон нутгаас ирж буй хүмүүсийн хувьд хүндрэл учруулдаг. Тиймээс хуучирч муудсан зар сурталчилгааны самбаруудыг буулгаж, чиг заах тэмдэг, тэмдэглэгээ хийж буй нь маш зөв ажил. Манай байгууллага самбаруудыг буулгахын зэрэгцээ зүг чиг заасан тэмдгийг шинээр байршуулж байна. Хорин хоёрын товчоо болон Саппорогийн тойрог  орчимд гурван байршилд зүг чиг заах тэмдгийг шинэчлэн байршуулсан.

-Самбар буулгах ажлыг голчлон шөнийн цагаар хийж гүйцэтгэж байгаа нь ямар учиртай вэ?

-Сурталчилгааны самбар болон байгууламжууд голчлон төв зам дагуу, хотын гол гол гудамжуудад байршсан байдаг. Тиймээс өдрийн цагаар буулгах боломжгүй байна. Замын хөдөлгөөн татарч, үгүйдээ л нийтийн тээврийн хэрэгсэл зогссон үед самбар буулгах ажлыг гүйцэтгэж байна.

-Самбар буулгах ажилд хүндрэл бэрхшээл тохиолдож байна уу?

-Тухайн байгууламжийг байрлуулсан этгээдүүд эсэргүүцэж дургүйцэх тохиолдол байна. Мөн иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж буй хашаанд байршсан тохиолдолд бэрхшээлтэй байна. Тиймээс Нийслэлийн Засаг даргын захирамжийг танилцуулж, урьдчилсан байдлаар мэдээлэл хүргэх байдлаар аль болох ойлголцож ажиллаж байна.

-Хүмүүс энэ ажлыг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Ойлгож байгаа. Ялангуяа иргэдийн зүгээс их дэмжиж, талархаж байгаа. Хэт олон самбар, сурталчилгаанд бидний нүд дасчихсан байдаг юм байна. Буулгаад цэгцлээд ирэхээр маш гоё болж байгааг хүмүүс хэлж байна. Хорин хоёрын товчооноос Эмээлт хүрэх замд л гэхэд замын хоёр талд маш олон самбар байсан. Томоохон аж ахуйн нэгжийн сурталчилгаанаас эхлээд зуурмагийн цех, дугуй засвар, мал мах, түүхий эд авах зар гэхчлэн дэндүү олон  замбараагүй самбарууд эгнэсэн байсан. Зарим нь бүр хаягдаж орхигдсон, эзэн нь тодорхойгүй, нурж унах шахсан нь ч бий. Тэдгээрийг буулгаад ирэхээр хот маань маш цэвэрхэн болж байгаа. Цаашид хот маань замбараагүй самбаруудаас ангижирч, цэгцтэй цэвэрхэн болохын дээр замын зүг чиг заах тэмдэг зэрэг хүмүүсийн хэрэгцээг хангасан мэдээлэл л замын хажууд байршуулдаг болох юм гэлээ.