2022.08.09
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийг хүлээн авч уулзав
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд НҮБ үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлэв.
Монгол Улс ардчилал, сайн засаглалыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хүний эрхийг хангах, ядуурлыг бууруулах, эх, хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, хүрээлэн буй орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр тус байгууллагатай үр дүнтэй хамтран ажиллаж байгааг онцлов.
Мөн энэ онд Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласны 30 жил, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой тохиож байгааг тэмдэглэж, өнгөрсөн зургаадугаар сард Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” долоодугаар бага хурал, “НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчийн оролцоо” сэдэвт олон улсын хурлыг амжилттай зохион байгуулсныг дурдав.