Төр, захиргааны зарим байгууллагыг Хөшгийн хөндий рүү нүүлгэх тогтоолыг Засгийн газар баталлаа
2022.08.10

Төр, захиргааны зарим байгууллагыг Хөшгийн хөндий рүү нүүлгэх тогтоолыг Засгийн газар баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан /2022.08.10/ өнөөдөр боллоо. 

 Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулахын тулд Хөшгийн хөндий рүү төр засгийн байгууллагуудыг нүүлгэх шийдвэр гарсан. Шийдвэрийг өнөөдрөөс албажуулж эрчимжүүлэх чиглэлийг Ерөнхий сайд өглөө.  Ингээд төр, захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндрий рүү нүүлгэх тогтоолыг баталжээ. Энэ талаар Барилга хот, байгуулалтын сайд Б.Мөнхбаатар дараах мэдээллийг өгсөн юм.

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах чиглэлээр хот төлөвлөлт хийж, Хөшигийн хөндийд шинэ хот бий болгох асуудлыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан. Монгол улс 1980 оноос хойш шинэ хот бариагүй. Хамгийн сүүлд Багануур хотыг байгуулсан. 40 жилийн дараа шинэ хот барих асуудлуудыг эхлүүлж ажиллаж байна.

Хөшгийн хөндийд байрлах шинэ Зуун мод, Сэргэлэн сум, ирээдүйд бий болох Майдар хотын төлөвлөлтийг цогцоор нь авч үзсэн. Ингээд Хөшгийн хөндийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн Засгийн газраар батлуулсан. Төлөвлөлт батлагдсаны дагуу тоон хэмжээ гарч ирж буй. Үүнтэй уялдуулж цэвэрлэх байгууламжийн эх үүсвэр, усан сан, шугам сүлжээ, цахилгааны эх үүсвэр, дулааны шийдэл хаагуур явах зэрэг инженерийн дэд бүтцийн зургийг төлөвлөлттэйгөө холбогдуулаад хийсэн.

Төвлөрлийг сааруулахын тулд төр захиргааны зарим байгууллагыг Хөшгийн хөндий рүү нүүлгэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Үүнд холбогдолтой судалгаануудыг хийж ажилласан. Өнөөдрийн хуралдаанаар төр, захиргааны зарим байгууллагыг Хөшгийн хөндий рүү гаргах Засгийн газрын тогтоол батлагдлаа. Энэ Баасан гарагт Хөшигийн хөндийн онгоцны буудлыг тойрсон инженерийн дэд бүтцийн эхний ажлыг эхлүүлнэ. Инженерийн дэд бүтцийн ажлын зураг гарсантай холбогдуулан эхний ээлжинд энэ жилийн улсын төсөвт 30 гаруй тэрбум төгрөгийг тавьсан гэв.