ХЗДХЯ намрын чуулганаар 18 хуулийн төсөл хэлэлцүүлэхээр төлөвлөжээ
2022.08.15

ХЗДХЯ намрын чуулганаар 18 хуулийн төсөл хэлэлцүүлэхээр төлөвлөжээ

Хууль зүй, дотоод хэргийн УИХ-ын ирэх намрын чуулганаар 18 хуулийн төсөл өргөн хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.

Тухайлбал, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Дампуурлын тухай буюу Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Шүүхийн бус журмаар өр барагдуулах тухай хуулийн төсөл, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл, Зарим төрлийн хяналт шалгалтыг түр зогсоох тухай хуулийн төсөл зэрэг хувийн эрх зүйн 4, нийтийн эрх зүйн 14, нийт 18  хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн байна. 

Харин Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр дэмжиж шийдвэрлэсэн бол Дотоод хэргийн их сургуулийн тухай хуулийн төсөл болон Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болоод байна.

Мөн Иргэний болон захиргааны хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл, Зөрчлийн болон эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тухай хуулийн төсөл, Галт, зэвсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг нийтийн эрх зүйн 20 хуулийн төсөл тус яаман дээр боловсруулж байна.

Түүнчлэн Казиногийн тухай, Бооцоот морин уралдааны тухай болон Төлбөрт тааварт, бооцоот тоглоом болон эд мөнгөний хонжворт сугалааны тухай анхдагч хуулийн төсөл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг хувийн эрх зүйн нийт 13 хуулийн төслийг тус яам дээр боловсруулж байгааг хэллээ.