17 байршилд хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа гарлаа
2022.08.18

17 байршилд хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа гарлаа

Намрын улирал дөхөж, хичээлийн шинэ жил ойртож байна. Үүнтэй холбогдуулан "Алтан намар-2022" төмс, хүнсний ногооны худалдаа болон хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааны зохион байгуулалтын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар /НХХААГ/-аас мэдээлэл өглөө.

НОГООЧДООС ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨР, НЭМЭЛТ ХУРААМЖ АВАХГҮЙ

Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын төмс, хүнсний ногоогоор хангах, дархлааг дэмжих, нөөцлөх, нөөшлөх, даршлах боломжийг бий болгох, хангамж нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Алтан намар-2022” үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг.

Хөдөө орон нутгийн газар тариалан эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг дундын зуучлалгүйгээр, зах зээлийн ханшаас хямд үнээр хэрэглэгчдэд хүргэхэд анхаарч байгааг УБЗАА-наас онцолсон юм.

УБЗАА-ны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал:

-Нийслэлийн зүгээс нийт 31 байршилд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн долоон дүүргийн 17 байршилд 186 цэгт хүнсний ногооны худалдаа гараад байна. Хөдөө орон нутгаас ирж буй газар тариалан эрхлэгчдийн тооноос хамааран батлагдсан байршлуудыг нэмэгдүүлэх боломжтой. Мөн үзэсгэлэн худалдаанд оролцох ногоочдоос түрээсийн төлбөр, нэмэлт хураамж авахгүй.