УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
2022.08.25

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2022.08.24/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын долоон гишүүний 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулав.

Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Их суудлын хуралдаанаараа Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшилж, Монгол Улсын Үндсэн хуулийн зохих зүйл, хэсэгт нийцээгүй гэж үзэн хүчингүй болгохоор шийдвэрлэсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар батална”, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 16.4-т “Ерөнхийлөгчийн нотлон баталгаажуулсан уг эхийг Үндсэн хуульд байршуулж, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэх бөгөөд түүнийг албан ёсны эхэд тооцно” гэж заасан.

Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоол гарснаар эрх зүй, хуулийн хэрэглээний практикт гарч байгаагүй нөхцөл байдал үүсэж Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг хэлэлцэх, өөрчлөлтийн уг эхийг нотлон баталгаажуулах, Үндсэн хуульд кодификац хийх, албан ёсны эх болгон хадгалах, хэвлэн нийтлэхэд хууль, зарим зохицуулалт хийх шаардлага гарсан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт оруулах шаардлага бий болсон.

Үүний дагуу энэ асуудлыг судалж үзэх, санал боловсруулах ажлын хэсэг байгуулахаар УИХ-ын даргын захирамж гарсан. Энэ ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Энхболд, С.Бямбацогт, Т.Доржханд, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, С.Одонтуяа, Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн нарын гишүүд орсон.

Ажлын хэсэг өнөөдөр хуралдсан. Ажлын хэсгийн гол зорилго нь Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар тогтоолтой холбогдуулаад хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судалж санал, дүгнэлт боловсруулан, шаардлагатай бол хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах үүрэгтэй юм. Тиймээс бид хуралдаж дээрх асуудлыг шийдэх үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай, Монгол Улсын цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиудад зарим нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг боловсруулан Байнгын хороонд танилцуулж байна.

Эдгээр төслүүдийг боловсруулах болсон шалтгааныг тайлбарлах нь зүйтэй. Урьд өмнө нь гарч байгаагүй шинэ нөхцөл байдал үүссэн. Үндсэн хуулийн цэцийн тогтоолын талаар нийгэм, хуульчдын дунд санал зөрөлдөж, маргаантай янз бүрийн байр суурь илэрхийлж байгаа учраас дараа дараагийн асуудлуудыг хуулийн дагуу, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудтай нийцүүлж гаргах шаардлага бий болсон. Тиймээс энэ дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар боловсруулсан.

Ажлын хэсгийн гишүүн Т.Доржханд, С.Одонтуяа нар Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар тогтоолтой холбогдуулан УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэх асуудал, гишүүдийн тоо болон тогтолцоотой холбоотой асуудлыг цогцоор нь шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ш.Адьшаа, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар нар асуулт асууж, хариулт авсан.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шалтгааныг тодруулсан. Тэрбээр Үндсэн хуулийн цэц буруу шийдвэр гаргасан учир хуульд нь өөрчлөлт оруулах гэж байгаа мэт ойлголт төрүүлж байна гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Энхболд, бид өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн гаргасан шийдвэрийг зөв хэрэгжүүлэхийн тулд хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн. Үндсэн хуулийн цэцийн гаргасан шийдвэрийг буруу, зөв гэж огт яриагүй, ярих ч ёсгүй гэж бодож байгаа. Цэц өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийнхаа хүрээнд өөрийнхөө эрхийн дагуу эцсийн шийдвэрээ тогтоол хэлбэрээр гаргасан.

Энэ тогтоолыг цааш нь амьдралд хэрэгжүүлээд явъя гэхээр өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиуддаа зарим өөрчлөлтүүд оруулахгүй бол болохгүй байна гэж үзээд УИХ-ын дарга захирамж гаргасан гэдгийг би дээр дурдсан. Түүний дагуу бид ажиллаж байна. Дахиад тодруулаад хэлэхэд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг буруу, зөв гэж үзсэндээ биш, цэцийн шийдвэрийг яаж цааш нь хэрэгжүүлж, холбогдох зохицуулалтуудыг хийх вэ гэдэг үүднээс л бид энэ хуулиудыг өргөн барьсан юм гэсэн хариултыг өгсөн.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын Т.Доржханд, Ж.Батсуурь, Ж.Сүхбаатар, С.Одонтуяа, Д.Ганбат, Ц.Мөнх-Оргил нар байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn