2022.09.01
Эмийн чанар, хүртээмжийг сайжруулах түр хороо байгуулагдлаа
Эмийн салбар бол онцгой салбар бөгөөд улс орны хүн амын аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй.
Гэтэл Төрийн аудитын байгууллагаас Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудит хийхэд учир дутагдалтай олон зөрчил илэрсэн. Энэ нь эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэйгөөр олгож буй эмийн 10 хувь нь чанаргүй байх эрсдэлтэй гэж тус тус дүгнэсэн.
Түүнчлэн зах зээлд байгаа эмийн 14 хувь нь стандартын бус, 19 хувийг бүртгэлгүй эм эзэлж байгаа нь тогтоогдсон. Мөн дотоодын зах зээлийн эм нь өндөр хөгжилтэй орны зах зээлд байгаа эмтэй орц, найрлагын хувьд ижил боловч үйлчлэлийн хувьд харилцан адилгүй нөлөөлөлтэй нь эмийн чанар, аюулгүй байдалд тавигдах хяналт шалгалтын үр нөлөө бага, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг мөрдөхгүй байгаатай холбоотой гэж үзэх үндэслэл болж байна байна.
Иймд УИХ-ын нэр бүхий гишүүд “Хүний эмийн чанарын асуудлаар Хянан шалгах түр хороо” байгуулан ажиллаж байна. Энэ хороо байгуулагдсанаар эмтэй холбоотой дээрх зөрчил илүү тодорхой болно. Мөн эмийн чанар хүртээмжийг дээшлүүлэх боломж бүрдэнэ.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал