Ж.Ганбаатар: Байгальд сөрөг нөлөөтэй, нөхөн сэргээлт хийдэггүй байдалд хатуу хандана
2022.09.19

Ж.Ганбаатар: Байгальд сөрөг нөлөөтэй, нөхөн сэргээлт хийдэггүй байдалд хатуу хандана

Одоогоос 100 жилийн өмнө 1922 оны арванхоёрдугаар сарын 25-нд Налайхын нүүрсний уурхайг улсын мэдлийн уурхай болгох шийдвэр гарснаар энэ өдрийг Монгол Улсад орчин үеийн уул уурхайн салбарын үүсэл, хөгжлийн эхлэл хэмээн үздэг.

Уул уурхайн салбарын түүхэн 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд “Mongolian Mining week 2022” буюу “Монголын уул уурхайн долоо хоног” нэгдсэн арга хэмжээг УУХҮЯ-наас "Оюу толгой" компанитай хамтран анх удаа зохион байгуулж байна. Энэ сарын 19-23-ны өдрүүдэд болох уг арга хэмжээнд 400 гаруй зочид, төлөөлөгч оролцож буйгаараа онцлогтой.



Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нээж хэлсэн үгэндээ "Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн хөтөч, баялаг бүтээгч Уул уурхайн салбар маань нэгэн зууныхаа ажлыг дүгнэж, дараагийн зууныхаа чиглэлийг тодорхойлох, салбарын хөгжлийг эрчимжүүлж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, олборлолтоос боловсруулалт руу шилжиж эх орны тогтвортой хөгжлийн баталгааг бий болгох хариуцлагатай цаг үед ирээд байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас хайгуул-олборлолт-боловсрулалт-борлуулалт-хуваарилалт-ын зарчимд тулгуурласан бодлогыг хэрэгжүүлнэ. Энэ хүрээндээ хариуцлагатай уул уурхайг дэмжих, хууль дээдэлдэг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тууштай хамгаалах, хувийн хэвшилд боломж, итгэл өгч хариуцлагыг өндөржүүлэн хамтран ажиллах, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлд бодлогын арга хэмжээг чиглүүлэн ажиллах" болно.

Эрдэс баялгийн салбарын хөгжлийг хязгаарлаж, гацааж буй гурван асуудлыг сайдын хувьд дурдъя.

  1. Улс орныг эрдэс баялгийн найдвартай нөөцөөр хангаж салбарын үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоо багасаж байна.
  2. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл буурч, хөрөнгө оруулагчид нэмэгдэхгүй байна.
  3. Салбарын үйл ажиллагааг алдагдахуйц эсэргүүцэл ихэссэн, нөгөө талдаа хууль бус олборлолт байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг хариуцлагагүй уул уурхай байсаар байгаа явдал юм.

Эдгээр тулгамдсан асуудлаа хамтран тодорхойлж, хэлэлцэж, гарц шийдэл эрэлхийлсэн бүтээлч, санал санаачилгууд энэхүү чуулга уулзалтаас гарна гэдэг итгэлтэй байна" хэмээсэн.


Үргэлжлүүлэн тэрбээр "Хариуцлагагүй уул уурхай яагаад байгаа вэ гэдэг талаас нь бид асуудалд хандах ёстой. Байгальд сөрөг нөлөөтэй, нөхөн сэргээлт хийдэггүй уул уурхайн асуудалд яам бодлогын хувьд хатуу хандана.

Мөн хоёрдугаар сараас хойш хайгуулын зөвшөөрөл олгоогүй. Нийт газар нутгийн 76% нь зөвшөөрөл олгох боломжгүй буюу тусгай хамгаалалттай газар нутаг байгаа. Нийт газар нутгийн 2.6 хувьд нь эрэх хайх зөвшөөрөл олгогдсон бөгөөд үүний 0.23%-д нь олборлолтын үйл ажиллагаа явагдаж байна.Эрэх хайх зөвшөөрөл олгох зөвшөөрлийг шууд 400-гаар нь гаргахгүй. 5, 10-аар нь салбарт хариуцлагатай уул уурхай хэрэгжүүлэх боломжтой байдлаар УУХҮЯ зарлана.

Гаднын хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байгаа шалтгаан нь хууль эрх зүй тогтворгүй, хоёрдугаарт иргэдийн эсэргүүцэл их байгаатай холбоотой. Иймээс аль аль асуудлын гол цэгийг олохын төлөө чуулга уулзалт зохион байгуулагдаж байна. Тухайн орон нутагт амьдардаг иргэдийн эсэргүүцэл бол буруу биш. Зарим нэг хүмүүс мэдээлэл дутмаг байгааг далимдуулан иргэдэд буруу ойлголт өгч байгаа. Томоохон уул уурхайн компаниуд бол хариуцлагатай байж чадаж байгаа. Энэ салбарт бодлогын хүрээнд том саад тотгор байхгүй. Сайдын үүргийг авсны дагуу аж ахуйн ажлаа сайн гүйцэтгэх хэрэгтэй гэж харж байна. Гаднын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх нь их чухал байгаа" гэсэн юм.

Долоо хоногийн турш үргэлжлэх энэхүү арга хэмжээний хүрээнд "Монгол Улсын уул уурхайн салбар 100 жил" сэдэвт Засгийн газрын цаг, "Нэн тэргүүнд аюулгүй байдал" бага хурал, "Mongolia mining 2022" хөрөнгө оруулалтын форум, "EDTalk-Уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүд" бага хурал, "Гүний уурхайн симпозиум", "Үүсмэл ордын ашиглалт" онол практикийн бага хурал, "Орон нутаг ба иргэдийн оролцоо" бага хурал, "Үйлдвэржилтийн төлөвлөлт"онол практикийн бага хурал, Степ арена дахь "Монголд үйлдвэрлэв" ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн гээд олон төрлийн цогц арга хэмжээнүүд зохион байгуулагдахаар төлөвлөгджээ.