УИХ   Байнгын хороодын дарга нарыг баталлаа
2009.12.03

УИХ Байнгын хороодын дарга нарыг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 51,3 хувийн ирцтэйгээр 10.30 цагт эхлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хороодын дарга нарыг сонгох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байнгын хороодын санал, дүгнэлтийг нэгбүрчлэн сонслоо. Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүд гараагүй тул байнгын хороодын дарга нарт нэр дэвшигчдыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулав.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргад З.Энхболд 95,2% , Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад Батж,Батбаяр 100% , Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад Ө.Энхтүвшин 100%, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргад Д.Арвин 100 %,Төсвийн байнгын хорооны даргад Ц.Даваасүрэн 100%, Хууль зүйн байнгын хорооны даргад Б.Бат-Эрдэнэ 95,8%, Эдийн засгийн байнгын хорооны даргад Ц.Баярсайхан 97,9% -иар тус тус гишүүдийн дэмжлэг авч байнгын хороодын даргаар сонгогдов.

Дараа нь Төсөв батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Төсвийн байнгын хороогоор дэмжигдэж гишүүн С.Оюуны гаргасан “Монгол Улсын 2010 оны төсвийн жилийн явцад дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ батлагдсан төсөвт тусгагдсан хэмжээнээс давснаар төсөвт нэмж төвлөрөх аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого, ногдол ашгийн орлогыг Засгийн газрын эрсдлийн санд хуримтлуулах,гишүүн З.Энхболдын гаргасан “Эрдэнэс МГЛ” ХХК нь уул уурхайн мэргэжлийн компанитай гэрээ байгуулан ажиллах замаар нүүрс экспортолж, улсын төсөвт 12 тэрбум төгрөг төвлөрүүлэх арга хэмжээг зохион байгуулах, гишүүн Д.Зоригтын гаргасан УИХ-ын тогтоолын төслийн “ашигт малтмалын нөөцийн төлбөрийн тогтолцоог боловсронгуй болгох замаар уул уурхайн салбарын татварын орчинг сайжруулах” гэсэн 2 дахь хэсгийн 2 дахь заалтыг хасах, гишүүн О.Чулуунбатын гаргасан Төслийн 3 дахь хэсгийн 1 дэх заалтын “2009 оны 12 дугаар сарын 10-ны дотор” гэснийг “2010 оны 1 дүгээр сарын 30-ны дотор” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор тус тус санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авав. Èíãýýä Төсөв батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл гишүүдийн 90,7 хувийн саналаар батлагдлаа.

Үүний дараа Цөмийн энергийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 05 дугаар дүгнэлт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргаанийг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 06 дугаар дүгнэлт, Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.7, 5.1, 5.4, 5.5, 27.1.4 дэх заалт, Иргэний хуулийн 120.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 07 дугаар дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж тус тус танилцуулав.

Үндсэн хуулийн цэц дээрх хуулийн зарим заалтууд Үндсэн хуулийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн гэсэн үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 04 дүгээр дүгнэлт, Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороодын санал, дүгнэлтийг мөн тус тус сонсов.

Үндсэн хуулийн цэц дээрх хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн тул түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Харин УИХ-ын Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороод Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нам, эвслийг бүртгэхээс татгалзах үндэслэлийг заасан 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтад “өмнөх сонгуулийн зардлын тайланг энэ хуулийн 42.2-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9/ дэх заалтын “…Аль нэг нам,… гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно…” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн заалт тус бүрээр санал хурааж, Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 04 дүгээр дүгнэлтийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна.

Ингээд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн байнгын хороодын санал, дүгнэлтээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн 64,6 хувийн дэмжлэг авч , хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн Цэцийн дүгнэлт гишүүдийн дэмжлэг авсангүй.

Чуулганы хуралдааны дараагийн асуудал Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн төсөл, “2010 оны Хүн ам, орон сууцны улсын тооллогын тов өөрчлөн тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлыг тус тус авч хэлэлцэн гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүллээ.

Эцэст нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн төсөл, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цагдаагийн байгууллагын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж Хууль зүйн байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав. Ингээд анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй гэсэн байнгын хорооны санал, дүгнэлтээр хуулийн төсөл тус бүрээр санал хураалт явуулж Шүүхийн шинжилгээний тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа.

Байнгын хороо дээрх хуулийн төсөлд “эрүүл мэндийн байгууллага”, “сэтгэцийн ердийн болон тусгай эмнэлэг”, “эмнэлгийн байгууллага” зэрэг олон төрлийн нэр томьёог хэрэглэснийг хуульд нийцүүлж оновчтой, нэг мөр болгох үүднээс “Сэтгэцийн эмгэг судлалын эмнэлэг” гэж өөрчлөх, мөн төсөлд шинжээчийн шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэлийг зөвхөн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэлээр тусгасан нь хангалтгүй байх тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад заасан татгалзах үндэслэлүүдийг нэмж тусгах нь зүйтэй гэж, мөн уг хуулийн төсөлтэй бусад хууль, тогтоомжийг уялдуулж, нийцүүлэх үүднээс Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна.

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар нийт 12 асуудал хэлэлцэхээр төлөвлөгдсөнөөс 10 асуудлыг нь үдээс өмнөх хуралдаанаар амжиж хэлэлцлээ. Хуралдааныг цаг сунган хуралдуулахаар болсон ч үдээс хойш чуулганыг үргэлжлүүлэн хуралдуулалгүйгээр үлдсэн асуудал болох “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг, Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн дүрмийг соёрхон батлах тухай хуулийн төслийг маргаашийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцье гэсэн горимын санал гарсан. Уг горимын саналыг гишүүдийн 71,8 хувь нь дэмжсэнээр өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөсөн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.