2022.10.14
Б.Энхбаяр: Үр хүүхдээ өртэй үлдээдэг зарчим үйлчилдэг байж болохгүй
УИХ-ын ээлжит чуулганы /2022.10.14/-ны өдрийн хуралдаанаар Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
Сүүлийн гурван удаагийн УИХ, миний мэдэхийн дөрвөн Засгийн газар дамнаж, тоосонд дарагдсан байсан “Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль”-ийг оруулж ирсэнд баяртай байна. Энэ нь маш чухал бөгөөд хүн бүр анзаардаггүй харилцаа байгаа юм. Манай улс чөлөөт эдийн засагт шилжсэн хэмээдэг. Эрсдэлгүй бизнес гэж байдаггүй. Ялангуяа өөрөөс шалтгаалдаггүй ковид болон дайн тулааны нөхцөл байдлууд ямар ч бизнест маш том эрсдэлд авчирч байна. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд маш олон ААН-үүд үйл ажиллагаагаа зогсоолоо.
Бусад улс оронд хүнийг амиа хорлох хэмжээнд хүргэж болохгүй гэж үздэг. Ямар ч эрсдэл учирсан бай "амиа хорлох" зүйл рүү түлхэхгүйгээр тухайн хүнийг аварч байх ёстой. Насан туршдаа, үхэн үхтлээ өр зээлээ үр хүүхдээ эсвэл хэн нэгнийг өртэй болгоод үхдэг байж болохгүй. Энэ бол эхний зарчим. Удаах нь дампуурлын хууль шаардлага хангахгүй болсноос улбаалаад, сүүлийн 20, 30 жил худлаа дампуураад залилан хийдэг боллоо.
Түүнчлэн авилгаждаг, мөнгө угаадаг бүхэн бүтэн технологи бий болж. Өөрөөр хэлбэл, танил танилууддаа зээл аваад, худлаа дампуураад улмаар татвар төлөгчдөөр хохирлоо төлүүлдэг мэргэшсэн “ухаантай “ сүлжээ технологи бий болж. Үүнийг хаах ёстой. Худлаа дампуурч, татвар төлөгчдийн мөнгөөр хөлждөг байдалд цэг тавихын тулд энэ хууль заавал орох шаардлагатай байсан юм.
Энэ хууль маш удаан дарагдаж явсан шалтгааныг "санаатай" байсан гэж хардаж байна. Мөнгө угаах сүлжээг таслан зогсоох бодит үйлдэл хэмээн харж Х.Нямбаатар сайдад талархаж байна. Тиймээс энэ хуулийн хэлэлцэх эсэхийг дэмжиж, батлах шаардлагатай.
Нүх сүвийг хаах чиглэлд хуулийн төсөлд ямар шинэлэг, онцлог зохицуулалтууд одоо үйлчилж байгаа хуулиас орж ирэв. Хариулт өгнө үү?
Түүний асуултад, ажлын хэсгийн гишүүд хариулт өглөө