УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг хуралдав
2009.12.21

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг хуралдав

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн эхний хуралдаан өнөөдөр 12 цагт УИХ-ын даргын ажлын өрөөнд хэвлэл мэдээллийн ажилтнуудыг оролцуулан нээлттэй болов.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Ажлын хэсгийн хуралдааныг нээж хэлсэн үгэндээ, УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төсөл боловсруулах үүрэгтэй Ажлын хэсгийг УИХ дахь намын бүлгийн ахлагчид, УИХ-д суудалтай намуудын дарга нар, зарим хуульч гишүүд, эрдэмтэн судлаачдыг оролцуулан өргөн бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Энэ нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах үүрэгтэй биш харин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар бол ямар зарчмаар асуудлыг шийдэхэд урьдчилан тохирч баталсан тусгай хуультай байж, түүгээрээ асуудлыг зохицуулж байх зорилгын үүднээс байгуулагдсан Ажлын хэсэг юм. Ажлын хэсэгт манай нэртэй эрдэмтдээс эхлээд нэлээд чадварлаг хүмүүсийг оролцуулсан гэж бодож байгаа.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдсон анхаарах зүйл нэлээд байгаа тул ийм Ажлын хэсэг байгуулсан юм. Юуны өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг санаачлагчид нь хэн байхыг зааж өгөх шаардлагатай байгаа юм. Урьд нь хоёр ч удаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан боловч эдгээр нь олон түмний шүүмжлэлд нэлээд өртсөн.

Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хоёр удаа хэлэлцээд УИХ-ын гишүүдийн зохих тооны дэмжлэг авч чадаагүй бол дахин авч хэлэлцэхгүй байхаар заасныг тодотгох шаардлагатай байгаа юм. Ард нийтийн саналга асуулгын тухайд ч тодруулмаар зүйл бас байна. Энэ мэтээр анхаарч авч үзвэл зохих асуудал байгаа. Гэхдээ Үндсэн хуулийн тулгуур зарчмыг бид хөндөх ёсгүй.

Иймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төслийг Ажлын дэд хэсгийн хэмжээнд эхэлж гол үзэл санааг нь гаргаж боловсруулаад дараа нь Ажлын хэсгийн нийт бүрэлдэхүүн авч үзэж ярилцах нь зүйтэй болов уу гэсэн бодолтой байна.

Хэвлэл мэдээллийнхэн ч зөв талаас нь олон нийтэд ойлгуулахад анхаарах хэрэгтэй юм гэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.