Олон нийтэд тустай үйл хийдэг 9 байгууллага, хувь хүнд “УРАМ ӨГЛӨӨ”
Жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрийг монгол түмнийг нэг нэгэндээ хайр энэрэл, урам зориг, сэтгэлийн дэм өгөхөд уриалах, нийгэмд сайн сайхан үйлсийг түгээх зорилгоор ҮНДЭСНИЙ ӨГӨХ ӨДӨР болгон тэмдэглэсээр 12 дахь жилээ угтаж байна. “Өгөх өдөр хөдөлгөөн” ТББ-аас санаачлан зохион байгуулдаг уг өдрийг энэ жил “УРАМ ӨГЬЕ” уриан дор тэмдэглэж байна.
Уг өдрийг анх 2010 онд хүнд өвчинд нэрвэгдсэн Э.Удвал охинд зориулан “Том болоорой, Удвал” нэртэй төсөл санаачлан амжилттай хэрэгжүүлснээр эхлүүлсэн бөгөөд Монголын ард түмний өглөгч сайхан сэтгэлийн үр дүнд Э.Удвал охины эмчилгээний зардалд 25 сая төгрөгийг цуглуулж, БНСУ-ын Сөүл хотын Ионсэй эмнэлэгт зургаан сарын турш эмчлүүлж охин бүрэн эдгэрсэн билээ. Эл өдрөөс эхлэн тусламж хэрэгтэй нэгэнд туслахаас гадна нийгэмд эерэг хандлагыг түгээх, хүүхэд залуусыг хүмүүнлэгийн үйлсэд татан оролцуулахад чиглэсэн аян, арга хэмжээнүүдийг зохиож иржээ. Энэ жил 12 дахь удаагийн “Өгөх өдөр”-өөр төдийлөн ил гараад байдаггүй ч нийгэм, олон нийтэд тустай үйл хэрэг бүтээж байгаа 9 ТББ, хувь хүнийг сонгон урамшуулж олон нийтэд танилцууллаа.
Үүнд,
“ХАШААНДАА САЙХАН АМЬДАРЪЯ” 412.000 мянган гишүүнтэй группийг үүсгэн байгуулж, гэр хорооллын иргэдийг бусдаас дэм тус хүлээж суух биш өөрсдийнх нь оролцоотойгоор амьдрах орчныг нь сайжруулахад сэдэл санаа, зөвлөмж зааварчилгаа өгөх, дэмжиж туслах зорилгоор ажиллаж буй Цэнгэний Түмэнбаяр
Хүндийг өргөлтийн спортоор тууштай хичээллэж, 17 насандаа “Рио-2016” олимпын наадамд оролцож, 21 насандаа “Токио-2020” олимпын наадамд шагналт IV байр эзлэн, улмаар 2021 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэн, Монголын хүндийг өргөлтийн спортын түүхэнд цоо шинэ хуудас нээн, олон амжилтын эзэн болж, хүүхэд залуус, охид эмэгтэйчүүдэд хүч тамир, эр зоригийн бахархал болсон Монгол Улсын Гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг.
“Үндэсний номын баяр”-ыг санаачлан зохион байгуулагч “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Бат-Эрдэнийн Сувд. “Номын соёлт ертөнц” ТББ нь хавар, намартаа тогтмол хугацаанд “Номын баяр”-ыг төв талбайд зохион байгуулдаг төдийгүй энэхүү арга хэмжээг улс орон даяар тэмдэглэх, төр засгаас анхаарч дэмжих ёстой ажил болгож чадсан юм.
Амьтны эрхийг хамгаалах, хүн, амьтан хоорондын аюулгүй, эрүүл, эерэг харилцааг бүрдүүлэх чиглэлээр 9 дэх жилдээ ажиллаж буй "АЗТАЙ САВАР" Амьтанд хайртай залуус ТББ. Эдгээр залуус ан амьтныг хайрлах энэрэх үзэл хандлагыг нийгэмд түгээн дэлгэрүүлж, ялангуяа хүүхэд залуучуудыг бага жаахнаасаа бусдад ялгамж үгүй сэтгэлээр тусалж дэмжин, энэрэн асрах дадалтай болж хүмүүжүүлэхэд зөв нөлөөлөл үзүүлж буй юм.
Тэрбээр урлагийн боловсролыг олон нийтэд тэгш хүртээмжтэй олгоход анхаарч 2017 оноос дэлхийн болон монголын дүрслэх урлагийн түүхийн 200 гаруй лекц, арга хэмжээг зохион байгуулсан. 2019, 2022 онуудад Модерн урлагийн түүхийг таниулах медиа арт болон лекц хосолсон “Синдром Арт Шоу”-г амжилттай зохион байгуулсан. Дүрслэх Урлаг Дизайны Анима Коллежийн тусгай хэрэгцээт оюутнуудад дүрслэх урлагийн мэдлэг, боловсрол олгох ажлыг хариуцдаг.
Эрүүл мэндийн салбарт сэргээн засах багийн чухал мэргэжилтний нэг Хөдөлмөр засалчдыг бэлтгэж байгаа АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн багш М.Эрдэнэцэцэг. Монголын Хөдөлмөр заслын холбоог байгуулж, Сэргээн засах чиглэлд 2022 оны 11-р сарын байдлаар Монгол улсад Бакалавр зэрэгтэй 35 хөдөлмөр засалчийг бэлтгэсэн байна. Хөдөлмөр засалч нь ахмад настан, бэртгэл гэмтэл, хөгжлийн бэрхшээл эмгэгийн үед, спорт, хүний хөгжлийн бүх үеүүдэд амьдралын үйл ажиллагаанд эргэн ороход туслах мэргэжилтэн юм.
“Сайн моодыг Монголд” уриатай “МООД” нэвтрүүлгийг санаачлан бэлтгэж, Боловсрол телевизээр 2 дахь жилдээ цацаж буй “B9 медиа студи”-ийн хамт олон. Нийгэмдээ зөв зүйлийг хэрхэн "МООД" болгох вэ гэсэн санаачилгын дор нэгдэж, нийслэлд тулгамдаж буй хөгжлийн сэдвүүд болох түгжрэл, утаа, гэр байрны дулаалга, хотын соёл зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг энгийнээр шийдэж сайжруулах оновчтой гарц, шийдлүүдийг санал болгож, нийслэл хотынхоо иргэдэд зөв нөлөөлөл үзүүлж байна.
ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Г.Арсланхуяг. Олон нийтийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготойгоор түүний баг сүүлийн жилүүдэд “Unfriend”, “Нэг хором”, “Зөв тусгал”, “Яараад яахав дээ”, “Дураараа биш дүрмээрээ”, “Ятгах тусам нягтал”, “Байгаль эн тэргүүнд” зэрэг үлгэр жишээ болохуйц нөлөөллийн ажлуудыг санаачлан хэрэгжүүлснээрээ өнгөрсөн онуудад гарсан гэмт хэргүүдийг 15-60 хувиар бууруулахад хувь нэмэр оруулж, нөлөөлсөн билээ.
“Ногоон нуур” цэцэрлэгт хүрээлэн-усан паркийг байгуулсан С.Өлзийтогтох. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу хуучнаар “Дэнжийн мянга зах”-ын ойролцоо "Ногоон нуур" орчмын газрыг өөрийн идэвх санаачилга, хүч хөрөнгөөр засч тохижуулан хүүхэд багачуудын цагаа өнгөрөөх дуртай цэцэрлэгт хүрээлэн-усан парк болгож, ойр тойрныхоо хүүхдүүдэд гэрэл гэгээ бэлэглэн, нийгэмд эерэг хандлага, бүтээлч, хөдөлмөрч зан чанарын үлгэр дууриал болж байгаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn