Иргэдийн хурлын төлөөлөгчдөд иргэдийн нийтлэг эрх ашгаас илүү улс төрийн эрх ашиг гэж байх ёсгүй
2022.11.08

Иргэдийн хурлын төлөөлөгчдөд иргэдийн нийтлэг эрх ашгаас илүү улс төрийн эрх ашиг гэж байх ёсгүй

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жил, Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойн хүндэтгэлийн хуралдаан дээр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн хэлсэн үг

Нийслэл хотын эрхэм хүндэт иргэд ээ

Хүндэт зочид оо

Нийслэл хотоо удирдах эрхийг элч төлөөлөгчдөөрөө дамжуулан барьж байгаа эрх чөлөөт иргэн Танд Монгол Улсад Нутгийн өөрөө удирдах ёсны шинэ ардчилсан тогтолцоо үүсэн хөгжсөний 30 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье!

УИХ-ын дарга, гишүүд, Засгийн газрын гишүүд, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын үе үеийн төлөөлөгчид, ажлын албаныхан, ахмад ажилтнууд, хүндэт зочид Та бүгдэдээ Монгол Улсад Нутгийн захиргааны шинэ ардчилсан тогтолцоо үүсэн хөгжсөний 30 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Иргэдийнхээ итгэлийг өвөртлөн, их хотынхоо илүү сайхан ирээдүйн төлөө зүтгэж яваа нийт төлөөлөгчиддөө, тэргүүлэгчиддээ, сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэн, зөвд дэм, бурууд ташуур болдог Ардчилсан нам, ХҮН намын бүлэгт талархал дэвшүүлье.

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг төрийн удирдлагатай хослуулан хөгжүүлэх эх үндсийг 1992 оны ардчилсан шинэ Үндсэн хуулиар хуульчлан баталж, тунхаглан дархалснаас хойш 30 жил өнгөрч байна. 30 жил гэдэг хүний амьдралд багагүй цаг хугацаа. 30 жил гэдэг хүн төрөлхтөн, улс үндэсний түүхэн цаг хугацааны хувьд асар богинохон үе.

Нутгийн өөрөө удирдах шинэ ардчилсан тогтолцооны 30 жилд нийслэлийн иргэдийнхээ эрхэм дээд шийдвэр, эрх чөлөөт сонголтоор нийт 8 удаагийн хуралд 372 төлөөлөгч сонгогдон, иргэдээ төлөөлж, дуу хоолой, хүсэл зориг, эрх ашгийг нь илэрхийлэн хамгаалж, бататган хангахын төлөө үзэл бодол, мэдлэг оюунаа уралдуулан өрсөлдүүлж, цөөнхөө хүндэтгэж, олонхоороо шийдвэрлэж  ирсэн нь Монголын ардчилал, Монголын нутгийн өөрөө удирдах ёсны нэн шинэ түүх, эрх чөлөөний ололт билээ. 

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бол иргэд нь төлөөлөгчөөрөө дамжуулан төрийн эрхийг барьж буй сонгодог хэлбэр. Тийм ч учраас иргэдийн төлөөлөгчдөд иргэдийн нийтлэг эрх ашгаас илүү дээгүүр улс төрийн эрх ашиг гэж байх ёсгүй гэдгийг энэ түүхэн мөчид онцлон хэлье! Нутгийн өөрөө удирдах байгууллагын бие даан хөгжих баталгаа нь Ардчилсан Үндсэн хууль. Үндсэн хуулинд батлан тунхагласан үндсэн эрхийг ханган, бүх шатны иргэдийн хурал иргэнээ төлөөлөх гүүр нь байж, аливаа улс төрийн ашиг сонирхлоос ангид, хараат бусаар ажиллах болно гэдгийг онцлон тэмдэглэж байна. 

Тохиож буй түүхэн хором, торгон мөчлөгийг хүндэтгэж, энэхүү индрээс НИТХ-ын барьж буй бодлого, эрхэмлэх зорилго, асуудал сорилт, хүндрэл бэрхшээл бүгдийг дурьдан тоочилгүй, цаг, цаас хэмнэн, онцлох гурван чиглэлийг онцгойлон хөндье

  1. Хууль эрх зүйн орчин буюу хот, дүүрэг бие даан хөгжих хувьсгалын тохироо бүрдлээ

НИТХ бодлогын баримт бичгүүдээ баталж, хотод эдийн засгийн шинэ сэргэлт хийх эх хөрсийг нь бэлтгэлээ. Нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжилд онц чухал ач холбогдолтой бодлогын баримт бичиг, хөгжлийн хөтөлбөрүүд буюу Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн  дунд хугацааны төлөвлөлт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотын 2040 он  хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зэрэг бодлогын томоохон баримт бичиг, суурь концепциудаа  хэлэлцэн баталлаа. Монгол Улсын  Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Нийслэл Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулиар төвлөрлийг сааруулсан, орон нутагт нь эрх мэдлийг нь шилжүүлсэн Нутгийн удирдлагын оновчтой тогтолцоо бүрдсэн. Нийслэл хот болон 9 дүүрэг бие даан хөгжих хууль эрх зүйн орчин ийнхүү бүрдлээ. Хот, дүүрэг бие даан хөгжих хувьсгалын тохироо бүрдэж, Улаанбаатарын урагшлан дэвших зам дээрх улаан гэрлийг унтрааж, ногоон гэрэл  асаалаа.

  1. Төсвийн хүлээсийг тайллаа

Нутгийн өөрөө удирдах шинэ тогтолцооны 30 жилийн эхэн үеэс эхлэн бүхэл бүтэн 27 жилийн туршид дуншсанНийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиа бид шинэчлэн батлууллаа. Энэ хууль, эрх зүйн шинэ орчин Нийслэл хотыг хур их асуудал бэрхшээлээс чөлөөлөх замыг нээж байна. Шинэ хуульд нийцүүлэн гаргах бусад хууль, журмын шинэчлэл өөрчлөлт Улаанбаатар хотод хураагдан тулгамдсан суудал, бэрхшээлийг уг үндсээр шийдэх өргөн гарцыг нээж буй чөлөөлөлт гэж итгэлтэй хэлж болно. Нийслэл хотод шинэ сэргэлтийг авчрах хараат бус эрх зүйн орчин эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломжийг нээж өглөө.

Гагцхүү боломжийг бодитой ажил, бодит үр дүн болгож,  эрх зүйн таатай орчныг эдийн засгийн шинэ сэргэлтэнд хүргэж, илүү сайхан хотод амьдран суух, ажиллаж бүтээх, ашиг орлогоо нэмэх хүний жам ёсны хүсэл сонирхлыг дэмжин тэтгэж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, хувийн хэвшилтэйгээ гар нийлэн ажиллаж, хөгжлийн томоохон хөтөлбөрүүдээ илүү хурдтай, илүү эрчтэй, илүү цар хүрээтэй хөдөлгөн хэрэгжүүлэхийг хүндрэл сорилт, хүсэл хүлээлт Та биднээс шаардаж байна.

Хот бол хүний жам ёсны эрх, эдийн засгийн эрх чөлөөгөө жинхэнэ ёсоор эдлэх чөлөөт талбар байх ёстой. Төсөвтөө баригддаг, төсөвтөө хүлэгддэг, төсөвт суурилсан тогтолцоо хотын хөгжлийг чөдөрлөж тушсаар ирсэн. Төсвийнхөө хэмжээнд сэтгэж, төсвийнхөө хязгаарт хүлэгдсэн хэвээр их хотын их асуудлыг угтаж биш, цаг үед  нь бус араас нь хөөж явдаг “ гал унтраах” маягийн аргацаасан арга барилтайгаа үлдвэл нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй.Бид төсөв шүтсэн хотоос төр ба хувийн хэвшлийн түншлэл дээр босдог, бизнес эрхлэгчидтэйгээ түншлээд хөгждөг эдийн засгийн бодлогод энэ цаг үеэс эхлэн шилжиж байна. Хотоо хотоороо, олуулаа, бүгдээрээ хөгжүүлдэг, томоор сэтгэж, зоригтой шийдэх шинэ цаг тоололд шилжин орлоо. Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг хот үүдээ цэлийтэл нээгээд урьж байна.! Хотын асуудал хотын л асуудал биш. Улсын хөгжлийн толь нь улсын нийслэл. УИХ, Засгийн Газар, Нийслэл хотын удирдлага нэгдмэл зорилго, үнэт зүйл дээрээ сэтгэл, зүтгэл нийлэн хамтран ажиллаж байгаагаа улам бататган, ард түмний бүтэн итгэлийг бүрэн дүүрэн үр дүнгээр хариулах үүрэгтэй билээ.  Нийслэлийн хөгжил, хотын иргэдийнхээ төлөө хамтран ажиллаж байгаа УИХ, ЗГ-ын гишүүддээ дахин талархал илэрхийлье.

  1. Өчигдрөөс өнөөдөр, өнөөдрөөс маргааш

Хүндэт зочид оо!

Монгол Улс 101 жилд 4 удаагийн Үндсэн хууль тунхаглан баталж, сахин биелүүлж иржээ. Үндсэн хууль тус бүрд орон нутгийн хурал, захиргааг нутаг дэвсгэртээ төрийн эрх барих байгууллага болохыг тусгайлан зааж ирсэн нь төвлөрсөн удирдлагын тогтолцоог бэхжүүлсэн.  Нийслэл Улаанбаатар хотын түр хурал нэртэйгээр анх 45 төлөөлөгчтэй байгуулагдсан бол 1948 оноос хотын хөдөлмөрчин  Төлөөлөгчдийн Их Хурал, 1962 оноос Ардын депутатуудын хурал болж 225 депутатаас бүрэлдэж байсан түүхтэй.

Нийслэл хотоо иргэдийнхээ хүсэл шаардлагад нийцсэн метрополис хот, инноваци технологид суурилсан хөгжлийн төв, эдийн засгийн  хөгжлийн бааз суурь, дэд бүтэцтэй болгон угсрах үүрэг энэ удаагийн нийслэлийн парламентад оногдож байна. Даяаршил мэдээллийн энэ цаг үед Та бидний бодлого, шийдвэрийн алдаа оноог дэлхийн хотуудтай харьцуулдаг болсон. Манай иргэд дэлхийн аль хотод ямар асуудлыг яаж шийдэж байгааг хардаг, мэддэг,жишдэг болсон. Ийм өндөр шаардлагатай, мэдлэгтэй иргэдийнхээ эрх ашиг, хүсэл сонирхлыг илэрхийлэн хамгаалахын тулд иргэдийн төлөөлөгч бид илүү их хичээн зүтгэх ёстой болж байна. Иргэдийн төлөөлөгч гэдэг эрхэм үүргээ чанд сахин, иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг эн тэргүүнд эрэмбэлж, хэлэлцэх асуудал, өгөх санал, сонгох шийдэл бүхнээ олон талаас нь судалж мэргэшсэн байхыг Та биднээс цаг үеийн сорилт бүхэн шаардаж байна.

Улсын хөгжлийн толь болсон Улаанбаатарынхаа хөгжил дэвшил, хотын иргэдийнхээ эрх ашиг, хүсэл зоригийн төлөө ухаан бодлоо уралдуулж, улам ихээр хичээн зүтгэе!  

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn