Орхоны хөндийд шинэ хот байгуулах тогтоолын төслийг УИХ-д өргөн барих ажлыг хангах чиглэлд үүрэг өгөв
2022.11.14

Орхоны хөндийд шинэ хот байгуулах тогтоолын төслийг УИХ-д өргөн барих ажлыг хангах чиглэлд үүрэг өгөв

Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан /2022.11.14/-ний өдөр боллоо. Шуурхай хуралдааныг Дэд сайд Э.Золбоо удирдаж явууллаа.

БХБЯ-ны газар хэлтэс, харьяа байгууллагуудын өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын мэдээллийг тус яамны Орон сууцны санхүүжилтийн хэлтсийн дарга Э.Батболд шуурхай хуралдааны эхэнд танилцуулав.

Хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ дах намын бүлгүүдийн хуралдаанаар хэлэлцүүлж, энэ долоо хоногт УИХ-ын байнгын хорооны хуралдаанд оруулж хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангажээ.

Өнгөрсөн долоо хоногийн ЗГ-ын хуралдаанаар Орхоны хөндийд шинэ хот байгуулах тогтоолын төслийг хэлэлцүүлж, дэмжигдсэн, цаашид УИХ-аар батлуулах, мөн Барилгын тухай хуулийн шинэчлэлтэй холбоотой асуудлаар салбарын төлөөллүүдтэй уулзалт хийж, бодлогын томоохон ажлууд дээр төвлөрч ажилласан байна.

Ажлын гүйцэтгэл, үр дүнгийн талаарх танилцуулга мэдээллийн дараагаар БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг цемент болон арматурын ханган нийлүүлэлтийн өнөөгийн нөхцөл байдал, 2023 оны эрэлт, нийлүүлэлтийн талаарх урьдчилсан мэдээллийг  танилцуулав.

Тухайлбал цементийн хувьд энэ онд үйлдвэрүүд суурилагдсан хүчин чадлаараа 4,4 сая тонн цемент үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байсан ч нэг үйлдвэр зогсож, улмаар 1,7 сая тонн цемент үйлдвэрлэжээ. Үйлдвэрүүд цементийн үнээ 4 удаа өсгөж, 1 удаа буулгасан, төмөр замын тээвэрлэлт хүндэрсэн зэрэг хомсдол үүсэхэд нөлөөлсөн хүчин зүйлүүдийн талаарх мэдээллийг өгч, ирэх 2023 онд дээрх эрсдлүүдийг тооцоолон, цемент болон арматурын хэрэглээг нарийвчлан судалж, урьдчилсан төлөвлөгөөг гарган, эрчим хүчний тасалдал, төмөр замын тээврийн хүрэлцээгүй байдлыг шийдвэрлэх хүрээнд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа талаар мэдээллээ.

 Дээрх мэдээллийн дараагаар төсөл хөтөлбөрүүдийн ажлын явц болон хэрэгжилтийн талаар төслийн нэгжийн удирдлагууд мэдээлэл өглөө. Үүнд: Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн нэгжийн захирал Т.Болорчулуун барилгын ажлын явц 65 хувьтай буюу агаарын шугамыг татах ажил явагдаж байгаа, мөн өвлийн бэлтгэл ажилдаа орсон талаар мэдээлэв.     

"Ногоон нуур-1008 айлын орон сууц"-ны хорооллын төслийн нэгжийн захирал Д.Од барилгын ажлын явц зоорийн давхаруудаа бүрэн цутгаж дууссан, 4 блок байрны нэг давхаруудын цутгалтыг хийж дуусгасан. Нэмж 5 дахь блокын нэг давхарын цутгалтыг хийж байгаа бөгөөд энэ сарын сүүлчээр хучилтаа аваад 3-р сар хүртэл ажлаа түр зогсох төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа гэдгээ танилцууллаа.

Шуурхай хуралдаанд танилцуулагдсан ажлууд, мөн цаашид анхаарч ажиллах арга хэмжээний хүрээнд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн дараах үүрэг чиглэлүүдийг өглөө. Үүнд:

  • Газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын байнгын хорооны хуралдаанд оруулахад яаралтай бэлдэх,
  • 2023 оны төсвийн хүрээнд яамны газар хэлтэс, харьяа байгууллагууд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдээ шуурхай төлөвлөх,
  • Магадлалын дүрмийг батлуулах чиглэлд онцгой анхаарч ажиллах, 
  • Барилгын тухай хуулийн шинэчлэлтэй холбоотой хэлэлцүүлгүүдийг яаралтай зохион байгуулах,
  • УИХ, ЗГ-ын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг шуурхай танилцуулж, шахаж ажиллах зэрэг үүрэг даалгаварыг өгөв.
  • Томоохон төсөл хөтөлбөрүүд, бодлогын томоохон арга хэмжээнүүд, ирэх өдрүүдэд хийгдэх ажлын хүрээнд дэд сайд Э.Золбоо газар хэлтэс, харьяа байгууллагуудын удирдлагуудад дараах үүрэг чиглэлийг өгсөн юм. Үүнд:
  • Дотоодын цементийн хэрэглээгээ нарийн тооцож, салбараас гадна замын ажилд шаардагдах цементийн хэрэглээг нэмж тооцоолох, үйлдвэрүүдтэй графикаа тохирч, гэрээ байгуулан ажиллах, өвлийн улиралд ч татан авалтуудыг хийж, ирэх оны ажлуудаа эрт эхлүүлэх,
  • Орхоны хөндийд шинэ хот байгуулах тогтоолын төслийг УИХ-д өргөн барих ажлыг яаралтай хангах,
  • Хот, суурин газрын ногоон байгууламжийн тухай хуулийн төслийн боловсруулалтыг нягталж сайжруулах, зөвлөх үйлчилгээгээ яаравчлах,
  • Барилгын хөгжлийн төв нийт зургийн ажлын үнэлгээний мэдээллийг нарийвчлан яаралтай бэлдэх, Эдийн засаг, хөгжлийн яаманд зургийн компаниудын талаарх үнэлгээний мэдээллээ өгч, танилцуулах.