Аль ч орны түүх, соёл, зан заншлыг "Архив"-аар нь үнэлдэг
2022.12.05

Аль ч орны түүх, соёл, зан заншлыг "Архив"-аар нь үнэлдэг

Жил бүрийн 12-р сарын 05-нд “Архивчдын өдөр” тохиодог. Энэ хүрээнд УБЕГ-ын Улсын бүртгэлийн нэгдсэн архивын дарга С.Оюунгэрэлтэй ярилцлаа.

Юуны өмнө “Архивчдын өдөр”-ийн баярын мэнд хүргэе. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 163 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Тэмдэглэлт өдрүүдийн жагсаалт” “Архивчдын өдөр-12 дугаар сарын 5” гэж зааснаар энэхүү өдрийг тэмдэглэх албан ёсны шийдвэр анх гарсан байдаг. Улсын бүртгэлийн ерөнхий газрын нэгдсэн архивын үйл ажиллагаа, бүтэц бүрэлдэхүүнээс ярилцлагаа эхлүүлье.

Баярлалаа. Танай мэдээллийн хэрэгслээр дамжуулан эх орныхоо өнцөг булан бүрт суугаа эрхэм хүндэт архивчид та бүхэнд орчин цагийн архивын алба үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой, Монгол Улсын Архивчдын өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. 

Тэртээ 1927 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хуралдсан Судар бичгийн хүрээлэнгийн тэргүүлэгчдийн 10 дугаар хурлаар архивын баримтыг хариуцан ажиллах орон тоо, зохион байгуулалтыг баталснаар Монгол Улсад орчин цагийн архивын албаны үндэс суурь тавигдсан гэж үздэг.

БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1950 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор “БНМАУ-ын иргэний гэр бүлийн байдал, асрамж тэтгэмжийн хууль”-ийг баталж, улмаар “Иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагыг байгуулах тухай” БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1950 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 286 дугаар тогтоол гарч, 1951 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийг хөтлөн явуулах, аймгийн төв болон хотуудад иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх товчоодыг байгуулан, иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх ажлыг товчоодын эрхлэгч нар, сумдад сумын нарийн бичгийн дарга нар эрхлэн хариуцаж, улсын хэмжээнд бүртгэлийн ажлыг нэгтгэн удирдан зохион байгуулж, Дотоод явдлын яамны дэргэд Иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх хэлтсийг байгуулснаар Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн архивын эх үндэс тавигдсан байдаг.

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 78 дугаар тогтоолоор “Монгол Улсад бүртгэлийн нэгдсэн тогтолцоо байгуулах үндэсний хөтөлбөр”-ийг баталж, 2009 оны 4 дүгээр сард тухайн үеийн Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар, Татварын ерөнхий газрын харьяа Улсын бүртгэлийн албыг нэгтгэн зохион байгуулж өнөөгийн Улсын бүртгэлийн ерөнхий газрыг байгуулсан. Түүний бүтцэд ажиллах улсын бүртгэлийн үйл ажиллагааны чиглэлээр хөмрөгийн зохион байгуулалт болон бүрдүүлэлт, хадгалалт, ашиглалт, тоо бүртгэлийн хувьд онцлог бүхий баримт бичгийг улсын хэмжээнд төвлөрүүлэн байнга хадгалах төрөлжсөн архив байхаар хуульчилсан байдаг.

Улсын бүртгэлийн нэгдсэн архив нь иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн эх нотлох баримтыг хадгалах хамгаалах, нөхөн бүрдүүлэх, аюулгүй ажиллагааг ханган ажиллахын зэрэгцээ салбар нэгжүүддээ мэргэжил арга зүйгээр чиглэл, заавар, зөвлөгөө өгөх чиг үүрэгтэй ажилладаг. Архив, албан хэрэг хөтлөлтийн хуульд заасны дагуу төрөлжсөн архивын статустай нэгж юм. Өнөөдрийн байдлаар Улсын бүртгэлийн байгууллагад 96 архивч, бичиг хэргийн ажилтан ажилладаг. Үүнээс  манай газар 24 хүний орон тоотой ажиллаж байна.

Нэгдсэн архивт ямар, ямар мэдээллүүд хадгалагддаг вэ?

Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоо нь иргэний улсын бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээс бүрдэнэ гэж хуульчилсан.

Энэ 3 төрлийн бүртгэл улсын бүртгэлийн нэгдсэн сангийн суурь мэдээлэл болох бөгөөд эх сурвалж нь архивын эх нотлох баримт бичиг байдаг. Өөрөөр хэлбэл иргэний улсын бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг бүртгэж баталгаажуулахад ач холбогдолтой эх нотлох баримт бичгийг үндэслэн бүртгэл хийдэг. Эдгээр баримт бичгээр архив үүсдэг. Улсын бүртгэлийн төрөлжсөн архив нь 3 бүртгэлийн чиглэлээр буюу Иргэний баримтын архив, хуулийн этгээдийн бүртгэлийн архив, эд хөрөнгийн бүртгэлийн архив гэж төрөлжүүлэн баримтаа хадгалдаг.

Иргэний баримтын архив 1951-1988 он хүртэлх Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн мэдээлэл болон Монгол Улсын иргэн бүрийн хувийн хэрэг цаасан ба цахим хэлбэрээр, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын сан хөмрөгийг үл хөдлөх эд хөрөнгийн, газрын, хөдлөх хөрөнгийн гэж ангилдаг бол хуулийн этгээдийн бүртгэлийн архивыг хоршоо, нөхөрлөл, компани, төрийн болон төрийн бус байгууллага зэрэг хуулийн этгээдийн хэлбэр тус бүрээр архивын сан үүсгэн ангилан хадгалж байна.

Улсын бүртгэлийн архив бусад архиваас юугаараа онцлог болохыг дурдвал бүртгэлийн эх нотлох баримт хадгалах хугацааны хувьд байнга байхаас гадна өдөр тутам нэмэлт өөрчлөлт орж байдгаараа ялгаатай. Тухайлбал: Иргэн үл хөдлөх хөрөнгөө худалдана, бэлэглэнэ, арилжина, зээлийн барьцаанд тавина байнгын эргэлтэд оруулдаг шүү дээ. Хуулийн этгээд гэхэд дүрмээ өөрчилнө, гишүүн нэмэгдэнэ, хасагдана, үйл ажиллагаагаа өргөжүүлнэ гэх мэт.

Иргэн төрснөөр иргэний бүртгэл үүснэ, амьдарлын явцад гэрлэнэ, овог нэрээ өөрчилнө, эцэг тогтоолгоно, үрчлүүлнэ гэх мэт. Ийм учраас байнгын хугацаанд хадгалагдах, хамгаалагдах онцлогтой юм. Монгол Улсын иргэдийн, аж ахуй нэгжүүдийн мөн үл хөдлөх хөрөнгийн бүхий л мэдээлэл хадгалагддаг учир манайх улсын онцгой объектын зэрэглэлд хамаардаг.

Архивын ерөнхий газраас ямар ялгаатай вэ? Олон нийт энэ талаар ташаа ойлголттой байж магадгүй.

Тийм шүү, иргэд андуурч хандах тохиолдол их байдаг. Статусын хувьд Архивын ерөнхий газар нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг төрийн архив шүү дээ. Харин Улсын бүртгэлийн нэгдсэн архив нь байгууллагын төрөлжсөн архив. Өөрөөр хэлбэл зөвхөн иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой мэдээллийг дээр хэлсэнчлэн он цагийн тухайд хадгалдаг төрөлжсөн архив юм. Иргэд ажилласан жилээ тогтоолгохтой холбоотой тушаал шийдвэрийн хуулбар, сургуульд суралцсан тухай, хүн амын тооллогын тухай мэдээллийг авах гэж манайд хандах, андуурах тохиолдол цөөнгүй байдаг. Эдгээр мэдээллийг “Архивын ерөнхий газар”-т хандан авна.    

21-р зуун бол мэдээлэл, технологийн эрин зуун. Хөгжлөө дагаад хувьсахын хэрээр бүх зүйл цахим буюу ухаалаг байх тал руу өөрчлөгдөж байна.  Нэгдсэн архивт энэ хэрхэн нөлөөлж байна вэ? Эдгээр бүх мэдээллийг заавал цаасаар архивлах ёстой байдаг уу?

Манай байгууллага төр засгийн бодлогыг тухайлбал Цахим засаглалыг түүчээлэн хэрэгжүүлж байгаа төрийн байгууллагуудын нэг гэж бодож байна. Бид өнөөдөр иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн цаасан эх нотлох баримтаа бүрэн цахимжуулж, цаасан болон цахим архиваар үйлчилж байна. Цахим болсноор иргэдэд үйлчилгээгээ түргэн шуурхай хүргэх, харьяалал харгалзахгүй үйлчлэх, орон зайнаас үл хамааран өөрт холбогдох мэдээллээ авах боломж нөхцлөөр хангах зэрэг олон давуу талыг бий болгож, өмнө нь байсан олон шат дамжлагыг халж,  илүү хялбаршуулж байна гэж ойлгож байгаа.

Мөн Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банкны төслийн дэмжлэгтэйгээр тоног төхөөрөмжөө шинэчилж, аймаг, сум, дүүрэг, хороодыг онлайн нэгдсэн системд холбож чадсан. Ингэснээр Улаанбаатар хотын иргэн хөдөө орон нутгаас, орон нутгийн иргэд Улаанбаатар хотоос бүртгэлийн үйлчилгээг авах  боломжтой болсон гэсэн үг. Улсын бүртгэлтэй холбоотой мэдээллийг бид burtgel.gov.mn гэсэн байгууллагын албан ёсны цахим хуудсаар, мөн е.mongolia цахим системээр, киоск буюу улсын бүртгэлийн цахим машинаар, “ТҮЦ” машинаар тус тус иргэдэд хүргэн ажиллаж байна. Тандалтын судалгаагаар 200 сая гаруй иргэн хандсан байдаг. Энэ хэрээр иргэдийн цаг хугацаа, бензин шатахуун, зардлыг хэмнэсэн үйлчилгээг бий болгож чадсан.   

Архивыг тухайн улсын түүхийн “Тархи” гэдэг. Энэ их түүх, арвин их мэдээллийг хадгалах үнэт ажлыг хийж гүйцэтгэж буй архивчдын талаар ярилцъя. Архивчдын ажлын үйл явц, ажиллах орчин хэр байна вэ. Уншигчдад маань сонирхолтой байна байх.

Саяхан Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор “Архив, бичиг хэргийн ажилтны анхдугаар чуулган” болж өндөрлөлөө. Уг чуулган 4 жилд нэг удаа чуулахаар болсон. Энэхүү чуулганд Монгол Улсын төрийн тэргүүн, Засгийн газрын гишүүд, эрдэмтэн, судлаачид илтгэл тавилаа. Архивт тулгамдаж буй олон асуудал хөндөгдсөн. Төрийн тэргүүн архивыг “Төрийн санах ой” гэж тодорхойлсон нь архивын асуудлыг бодлогын түвшинд гаргасны нэг хэлбэр гэж ойлголоо.

Мөн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар илтгэлдээ орон нутаг дахь Улсын бүртгэлийн архив болон аймгийн архивын байрны асуудлыг үе шаттай шийдвэрлэх, архивчийн цалинг нэмэх, архивчдыг мэргэшүүлэх тухай дурдсан. Өнөөдрийн байдлаар төрийн архивын байрны асуудал, архивын зориулалт бүхий нягтруулсан шүүгээний асуудал хүндхэн байна. Үүнтэй холбоотойгоор хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдал зөрчигдөж байгаа юм.

Архивч ажлын хүнд нөхцөлд ажиллаж байна. Энэ байдал ямартаа ч төр засгийн бодлогын түвшинд хүрч байгаа нь сайшаалтай хэрэг. Мөн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх асуудлыг хөндсөн, мэргэшүүлэх сургалтыг их, дээд сургуультай хамтран зохион байгуулах талаар тодорхой арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн.

 Аль ч орны түүх, соёл, зан заншлыг архиваар нь үнэлдэг.
Тэгэхээр таны  хэлсэнчлэн түүхийн “Тархи” болох архивыг үнэлэх, цэгнэх цаг нь болжээ.

Архив гэхээр он удаан жил дарагдсан тоос шороотой, хэнд хэрэгтэй нь үл мэдэгдэх цаас гэдэг ойлголт байхгүй болж, тэр цаасны үнэ цэнийг төр засаг бодлогын түвшинд ойлгож байгаа нь чухал юм.  Энэ онд ХЗДХ-ийн сайд орон нутагт ажиллаж байхдаа Улсын бүртгэлийн архивтай биечлэн танилцаж, хүнд нөхцөлд байгаа  Баянхонгор, Өвөрхангай, Ховд, Хэнтий аймгийн байрны асуудлыг шийдвэрлэсэн. Цаашид ч архивын байр, нягтруулсан шүүгээний  асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх болов уу гэж бодож байна.

Жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг баярын өдрөө энэ салбарын ажилтан албан хаагчид маань ажлаа дүгнэх, тулгамдаж буй асуудал, үүнийг шийдвэрлэх арга замын талаар мөн ярилцаж дүгнэдэг байх. Яг танай салбарт тулгамдаж буй асуудал, хууль эрх зүйн шинэчлэл байна уу?

АЕГ-аас жил бүр “Удирдах ажилтны нэгдсэн семинар”-ыг зохион байгуулдаг уламжлалтай. Семинарын үеэр алдаа оноогоо ярьдаг, ажлаа дүгнэдэг, тулгамдаж буй асуудлаа харилцан ярилцдаг, бидний санал бодлыг сонсдог.

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль шинэчлэн батлагдснаар түүнтэй дагалдах журмууд шинэчлэгдэж ХЗДХ-ийн сайд болон АЕГ-ын даргын тушаалаар батлагдан,  мөрдөн ажиллаж байна. Үүгээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр журам, дүрэм батлагдснаар архивын стандарт, норм норматив, үйл ажиллагаа нэг мөр ойлголтод хүрч эрх зүйн таатай орчин бүрдэж байна гэж ойлгож байгаа.

Шинээр батлагдсан хуульд өмнө нь байгаагүй шинэ заалтууд орсон. Тухайлбал, архивчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд архивт 10 жил тогтвортой ажилласан албан хаагчдад 10 сая төгрөг олгох, мөн мэргэжлийн зэрэг олгох асуудал нарийвчлан тусгагдсан. Хууль хэрэгжснээр бүртгэлийн байгууллагын 10 гаруй албан хаагч нийгмийн асуудлаа шийдүүлсэн. Мөн манай газар 2021 оны ажлын үр дүнгээр амжилттай дүгнэгдсэн. 

Улсын бүртгэлийн нэгдсэн архивын өнөөгийн нөхцөл байдал ямар байна. Цаашид ямар байх вэ?

Бид цахим архивыг үүсгэж чадлаа, цаашдаа мэдээллийг иргэн болоод төрийн байгууллагад цаасаар бус цахимаар солилцох, түргэн шуурхай хүргэх тал дээр түлхүү ажиллана. Түүнчлэн, нэгжүүдийн архивын байрны хадгалалт, хамгаалалт аюулгүй ажиллагааг хангах тал дээр анхаарлаа хандуулах болно.

Олон нийтийн төдийлөн мэдэхгүй зүйлийг ярилцлагаараа дамжуулан хүргэсэн танд баярлалаа. Уншигчдадаа хандаж хэлэх зүйл байна уу?

Архив төр, байгууллагад хамааралтай бус иргэн танд ч хувийн архив байдаг. Таны бичиг баримт, зураг, дүрс бичлэг, ургийн бичиг, хувийн бүтээл, ажил, амьдралын дурсамж, таатай, таагүй үйл явдал  бүгд "Таны  архив, үр хойчдоо үлдээх түүх" юм. Иймд иргэддээ хувийн архив, бичиг баримтдаа гамтай хандааарай гэж хэлмээр байна. Мөн таны хувийн архивт Монгол Улсын төрийн түүхэнд хосгүй үнэт нэмэр болохуйц баримт байваас Төрийн архивт хандивлахыг уриалж байна.