Архивчдын өдрийг тохиолдуулан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэндчилгээ дэвшүүллээ
2022.12.05

Архивчдын өдрийг тохиолдуулан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэндчилгээ дэвшүүллээ

Эрхэм хүндэт Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтан, албан хаагчид аа.

Та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсэж, хөгжсөний түүхт 95 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье.

1921 онд Ардын Засгийн газар байгуулагдан Монголын төр, засаг захиргаа, шашны байгууллагуудын үйл ажиллагааны явцад хуримтлагдсан хуучны данс харааны баримт болон Монголын ард түмний бүтээн байгуулсан түүх, соёлын өвийг хямгадан цуглуулж, хадгалан улсын хамгаалалтад авах талаар санаачлагатай ажиллаж эхэлсэн билээ.

1927 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Судар бичгийн хүрээлэнд хуучин данс бичгийг эрхлэх нэгэн хүмүүний орон тоог бий болгосноор орчин цагийн архивын албаны үүсэл тавигдаж, өдгөө 95 жилийн нүүрийг үзэж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар болон өргөжиж Монгол орон даяар төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх хүндтэй үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
“Үндэсний өв уламжлалыг эрхэмлэж, иргэний хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн, мэргэшсэн, чадварлаг хүний нөөцөд суурилсан цахим архив бүрдүүлэх” эрхэм зорилготой архивын салбарын 95 жилийн ой өнөөдөр тохиож байна. 

Монгол төрийн ой санамж, үндэсний дархлааг сахин хамгаалагч эрхэм архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтан, албан хаагч Та бүхэндээ Архивчдын баярын өдрийн мэндийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын зүгээс дахин хүргэж, ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсье.

Монгол түмний оюун ухаан өнө мөнхөд дэлгэрч, бидний өчигдрийн түүх тодрон зурайж, маргаашийн ирээдүй үргэлж гэрэлтэй байг.