2022.12.16

С.Ганбаатар: Төсвийн алдагдлыг та нар 100 сая хоньтой тэнцэх мөнгөөр "тоглочихлоо"

УИХ-ын /2022.12.16/-ны өдрийн ээлжит чуулганаар Засгийн газрын гадаад өрийн өнөөгийн нөхцөл байдал, гадаад үнэт цаасны дахин санхүүжилт, өрийн зохицуулалт, гадаад зээлийн үр өгөөж, дотоод үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээл, Засгийн газрын өрийн баталгаа, эрсдэлийн үнэлгээний талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо.

Эл асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

МАН эрх баригчид та нар нээрээ гомдмоор байна шүү дээ! Сүүлийн 6 жил эрх барьж байгаа. Монголын ард түмэнд юу амлалаа. Ямар гоё гоё юм ярилаа. Монголын ард түмэн та нарт 67 их наяд төгрөгийг бидний амьдралыг дээшлүүлээрэй гэж төсөвт өгсөн.

Сүүлийн 3 жил төсвийн алдагдал 10 их наяд боллоо.100 мянган төгрөгөөр нэг хонийг тооцвол та нар төсвийн алдагдалд 100 сая хониор тоглочихсон байна. Энэ бол тоглоом. 4-дүгээр ангийн хүүхэд ч ингэж удирдахгүй дээ улсыг. Та нар өр тавьж улсыг авч явж байна. Нүүрсний хулгай, Оюутолгойн хулгай, Эрдэнэтийн хулгайгаар ард түмнийг минь туйлдуулаад сөхрүүлчихсэн.

2016 онд Монгол улс 24.8 тэрбум долларын өртэй байсан. 2022 оны хоёрдугаар улирлаар өр 33.5 тэрбум доллар болсон. Дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулбал 220%-тай. Бид аль хэдийн та нарын буянаар дампуурчихсан улс болчихсон. Үүний дотор засгийн газрын өр 8.1 тэрбум байна. Энэ дотроо Оюутолгойн өр нь 2016 онд 7.4 тэрбум доллар байсан бол харин одоо яагаад 12.4 тэрбум доллар болчихов оо. Рио тинто Монголын өрийг нэмэгдүүлээд байхад та нараас зөвшөөрөл авсан уу. Нягталсан уу? Огт нягтлаагүй юу?

Рио тинто хаалттай компани болчихлоо. Би Ерөнхий сайд руу бичиг явуулсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх рүү мөн бичиг явуулсан. Одоо Рио Тинто бүр та нарыг амаар чинь алгадна.

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.