МҮЭХ-оос "Нүүрсний хулгай"-тай холбоотой мэдэгдлийг Засгийн газарт хүргүүлжээ
2022.12.19

МҮЭХ-оос "Нүүрсний хулгай"-тай холбоотой мэдэгдлийг Засгийн газарт хүргүүлжээ

МҮЭ-ийн холбооноос хүргүүлсэн шаардлагын дагуу Монгол Улсын Засгийн Газраас нүүрсний хулгайн нууцлалын гэрээг МҮЭ-ийн холбоонд ирүүлжээ. Энэ хүрээнд МҮЭ-ийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлаж сэтгүүлчдэд нүүрсний хулгайн асуудалд МҮЭ-ийн холбоо ямар байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна.

МҮЭ-ийн холбооноос “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-н асуудлыг хараат бус өөрсдийн болон ОУ-ын экспэртүүдээр шалгуулж хатуу тэмцэхээ илэрхийлж, сүүлийн 10 гаруй жил нүүрс, баялагийн хулгайн хэрэгт ямар нэг байдлаар оролцсон байж болзошгүй 500 гаруй төрийн удирдах албан хаагчид, бизнэсмэнүүдийг сайн дураараа шалгуулж, буруутай бол холбогдох хариуцлагаа хүлээхийг уриалжээ.

Энэ үеэр МҮЭ-ийн холбооны удирдлага, салбарын ҮЭ-ийн холбоодын дарга нар “МҮЭ-ийн холбооноос нүүрсний хулгайн асуудлыг ил болгохоор шударгаар тэмцэж байгаа ард, иргэд болон Засгийн Газрыг дэмжиж ажиллахаа мэдэгдсэн.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: "Нүүрсний хулгайн нууцлалын гэрээтэй танилцсан. Маш ноцтой, нийгмийг цочроох хэмжээний гэрээ байгаа тул ҮЭ-ийн гишүүд дотор байгаа мэргэжилтнүүдээсээ зөвлөгөө дэмжлэг авч хамтран ажиллахаас гадна ОУ-ын ҮЭ-ийн Холбооны экспэртүүдээс ч дэмжлэг авч ажиллана. Цаашид Монгол Улсын газрын баялаг нүүрсний хулгайн хэрэг, бусад төрийн батлан даалттай нийтийн аливаа сан, банкнаас хөрөнгө завшигчидтай хатуу тэмцэж ажиллана” гэдгийг онцлов.

Тиймээс Засгийн газраас хийж буй нүүрсний хулгайн асуудлыг ил болгох ажлыг дэмжин эрчимжүүлж шуурхай ажиллах, хууль хяналтын байгууллагууд шударга ажиллах шаардлагатайг онцолж 

  • Нүүрсний хулгайн асуудлыг ил тод, шударга, олон нийтийн оролцоог ханган шалгаж, байгалийн баялагийг хяналтгүйгээр гаргаж байгаа асуудалд нэн даруй хариуцлага тооцох
  • Хууль эрх зүй, тогтолцооны хувьд хариуцлагыг чангатгах чиглэлээр нэмэлт өөрчлөлт оруулах, холбогдох шийдвэрүүдийг гаргах,
  • Энэ хэрэгт холбогдсон хүмүүст ял завших, хөрөнгө завших боломж олгохгүйгээр, хугацаа алдалгүй нэн яаралтай арга хэмжээ авч, шийдвэрлэх. Мөн хэнийг ч хэлмэгдүүлж болохгүй.
  • Нүүрсний хулгайн мөнгийг хүү алдангийн хамт төсөвт эгүүлэн авч, төсвийн тодотгол хийх замаар иргэд, хөдөлмөрчдийн цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгаалал үнэ тариф тогтворжуулах нөөц бүрдүүлэхэд зарцуулах зэрэг мэдэгдлийг хүргэж байгаа аж.