Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барилаа
2022.12.13

Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж өнөөдөр (2022.12.13) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл

Монгол Улсын Их Хурлаас баталсан "Шинэ Сэргэлтийн бодлого батлах тухай' тогтоолын нэгдүгээр хавсралтын 6.4.-д “Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг зохион байгуулна.” гэж, уг баримт бичгийн хоёрдугаар хавсралтын 6.4.5.-д “Төр хувийн хэвшилтэй өрсөлдөж үйл ажиллагаа эрхлэхгүй, зөвхөн стратегийн ач холбогдол бүхий салбарт, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чухал ач холбогдолтой томоохон төслийг хэрэгжүүлэх зорилгоор, мөн төрөөс үнэ тарифын зохицуулалт хийдэг, хувийн салбар дангаараа эрхлэх боломжгүй, нийтийн ашиг сонирхлын үүднээс зайлшгүй эрхлэх үйл ажиллагааны чиглэлд компани байгуулдаг байх, бизнесийн үйл ажиллагааны удирдлагад хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх байдлыг хязгаарлаж, бизнесийн шийдвэр нь улс төрийн нөлөөллөөс ангид байх, төрийн өмчит хуулийн этгээдийн засаглалыг сайжруулж, нээлттэй хувьцаат компани болгох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх" гэж заасан.

Гэвч эдийн засгийг зохицуулах чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын дэргэд аж ахуйн шинжтэй үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг олноор үүсгэн байгуулах явдал хавтгайрлаа. Үндэсний статистикийн газрын мэдээлж байгаагаар төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн тоо 2013 онд 4,532 байсан бол 2021 онд 5,407 болж өссөн. Тодруулбал, 2013 оны байдлаар ТӨҮГ, ОНӨҮГ-ийн тоо 261 байсан бол 2021 онд 406 болж, төсвийн байгууллага 3,929 байсан нь 4,789 болсон байна.

Ингэж хувийн хэвшлийн гүйцэтгэх бүрэн боломжтой ажил, үйлчилгээг явуулахаар төрийн зүгээс аж ахуйн үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийг үүсгэн байгуулж буй нь өөртөө илт давуу байдлыг бий болгон дангаар гүйцэтгэх, өрсөлдөөний тэгш байдлыг үүсгэх зүй бус үр дагавруудтай. Эдгээр төрийн өмчит үйлдвэрийн газар, компаниудын дийлэнх олонх нь алдагдалтай ажиллаж байгаа бөгөөд энэ нь эргээд улсын төсөвт дарамт үзүүлж байна. Эдгээр үндэслэл, шаардлагын улмаас аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай тогтоолын төслийг боловсрууллаа гэж хууль санаачлагч танилцуулав. Хуулийн төсөл батлагдсанаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, төрийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулах явдал хумигдана гэж үзжээ.