Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл нэр бүхий 12 гишүүний хамт Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, өнөөдөр (2022.12.13) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл:
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно;” гэж нарийвчлан зааж өгсөн. Улмаар 1994 онд “Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль”-ийг Улсын Их Хурлаас баталсан. Мөн 2005 онд уг хуульд өөрчлөлт оруулж, жагсаал, цуглаан хийхэд зөвшөөрөл авдаг байсныг мэдэгдэл болгон өөрчилсөн боловч өнөөг хүртэл хуулийн хэрэглээнд мэдэгдэл бус зөвшөөрөл утгаар ойлгогдсоор ирсэн. Хүний эрхий түгээмэл тунхаглалын 20 дугаар зүйлд “Хүн бүр чөлөөтэй тайван хуран цуглаж, эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэж заасан. Иймд иргэдээ Үндсэн хуулиар баталгаажуулан өгсөн эрхийг нь уг хуулиар улам ойртуулан өгөх шаадлага үүсэж байна гэж хууль санаачлагч танилцуулав.
Тэрбээр, хуулийн төсөл батлагдсанаар жагсаал, цуглаан зохион байгуулахдаа зөвшөөрөл авах бус мэдэгддэг болгож, мэдэгдснээр тухайн арга хэмжээг эхлүүлэх бололмжийг бүрдүүлж өгснөөр иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх Үндсэн хуулиар зааж өгсөн эрхийг баталгаажуулж өгнө. Мөн технологийн олон, цахим хэрэглээний өсөлттэй холбоотойгоор тодорхой шийдвэрийг хэлэлцэх үед эсэргүүцэл, түүнийг даган бий болдог аяндаа үүссэн цуглааныг хуульчлан зааснаар Үндсэн хуульд зааж өгсөн дээрх эрхийн баталгааг хангаж өгнө гэж үзжээ .