Нийгмийн баялгийг шударгаар хуваарилахад баялаг бүтээгч хөдөлмөрчдийн байгууллага ҮЭ-тэй нягт хамтран ажиллана
2022.12.28

Нийгмийн баялгийг шударгаар хуваарилахад баялаг бүтээгч хөдөлмөрчдийн байгууллага ҮЭ-тэй нягт хамтран ажиллана

МҮЭ-ийн холбооноос 2022 оны үйл ажиллагаагаа тайлагнах  "Нийгмийн шинэ гэрээ  хэлэлцээр" арга хэмжээнд Салбарын 14-н ҮЭ-ийн холбоо, аймаг, нийслэлийн 22 ҮЭ-ийн холбоо, анхан шатны ҮЭ-ийн 1000 гаруй идэвхтэн сонгуультнуудыг хамруулан 2022 оны 12-р сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд нийгмийн түншлэгч тал МУ-ын Засгийн газрыг төлөөлөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар оролцов. 

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: НҮБ, ОУ-ын Хөдөлмөрийн байгууллага, ОУ-ын ҮЭ-ийн холбооны зүгээс нийгмийн баялгийг шударгаар хуваарилах, хүртээмжтэй өсөлтийг хангахад Төр засаг, ажил олгогч, ҮЭ-ийн байгууллага хамтарч “ Нийгмийн шинэ гэрээ хэлцэл дүрэм журам”-ыг бий болгохыг уриалж байна.

Монгол улс цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдал, хүн амын дундаж наслалтаар бүс нутагтаа хойгуур орж байгаа нь дээрх арга зам руу зайлшгүй орох шаардлагатай байгааг онцоллоо. Мөн МУ-ын Засгийн газраас нүүрсний хулгайг илрүүлэх, шударга бус явдалд шүгэл үлээж эхлүүлсэн тэмцлийг  дэмжиж ажиллана" гэдгийг нийт ҮЭ-ийн гишүүддээ хандаж мэдэгдлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Шинэ сэргэлтийн бодлого"-ын баримт бичгийн талаарх танилцуулгыг хийж, ҮЭ-ийн гишүүдийн санал, асуултад хариулт өглөө.

Тэрээр хэлэхдээ “Шинэ сэргэлтийн бодлого"-ыг бодит ажил хэрэг болгохдоо өнгөрсөн 30 жилийн хугацаанд үүссэн баялгийн шударга бус хуваарилалт, тэгш бус байдлын гинжин хэлхээг таслах ёстой. Нийгмийн түншлэлийн хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ДНБ-тэй уялдуулж нэмдэг жишигт шилжих, нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлэх нь МУ-ын Засгийн газрын болон Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын гол зорилго юм.

Иймд Хөдөлмөрийн үнэлэмжийг бодитойгоор үнэлдэг байх реформ руу шилжих, байгалийн баялгийг цалин хөлс, нийгмийн хамгааллаар дамжуулан хуваарилах, бизнес эрхлэх тэгш гарааны нөхцөлийг бүрдүүлэх, төрийн бодлого шийдвэрт үйлдвэрчний эвлэлийн оролцоог нэмэгдүүлэх, үнэ цэнийг өсгөх, жижиг дунд бизнесийг хамгаалах эрх зүйн орчин бий болгохын төлөө Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай нягт хамтарна” гэдгийг онцоллоо.

Энэхүү  2022 оны үйл ажиллагааны тайлан хэлэлцүүлэгт Салбар, аймаг орон нутгаа төлөөлөн хүрэлцэн ирсэн ҮЭ-ийн идэвхтэн сонгуультан  оролцогчдын зүгээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарт хандаж тавьсан санал, асуултуудад нарийн мэргэжлийн боловсон хүчний хомсдол бий болсныг төр анхаарах, инженерийн шугам сүлжээний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, авто замын салбарт дотоодын компаниудаа дэмжин ажиллах, ШТС-ын түгээгчийг ажлын байрны хортой нөхцөлд оруулах, эрүүл мэндийн салбарын зарим ажилтны үндсэн цалинг нэмэх, иргэд, хөдөлмөрчдөд ирж буй татварын дарамтыг бууруулах, нүүрсний хулгайчдыг илрүүлэх зэрэг асуудлын талаар хөндөж тавилаа.