Ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсолоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2023.01.05\ нэгдсэн хуралдаанаар Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсголын тайланг сонслоо.
Тайланг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг танилцууллаа.
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны 18 дугаар тогтоолоор "Нүүрсний экспорт, тээвэрлэлтэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” ерөнхий хяналтын сонсголыг 2022 оны арван хоёрдугаар сарын 21-ний өдрийн 10.00 цагт Төрийн ордонд зохион байгуулахаар товыг тогтоосон. Уг сонсголын даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг сонгогдсон бөгөөд ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах бэлтгэл хангахыг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд нарын 8 гишүүний бүрэлдэхүүнтэй Монгол Улсын Их Хурлын даргын 2022 оны 190 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт даалгасан юм.
Нийтийн сонсголын тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан журмын дагуу олон нийтийн телевиз, радио болон Улсын Их Хурлын parliament.mn цахим хуудас, өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонсгол болохоос 14 хоногийн өмнөөс эхлэн сонсголын тов, сонсгол явуулах сэдэв, сонсголыг зохион байгуулах талаар болон оролцогчдын бүртгэл, сонсголд оролцогчдын эрх, үүргийн талаарх олон нийтэд зориулсан мэдээллийг бэлтгэн тогтмол давтамжтайгаар олон нийтэд мэдээлсэн. Мөн сонсголд тухайн сэдвээр мэдээлэл өгөх эрх бүхий байгууллагын удирдах албан тушаалтныг сонсголд дуудан мэдэгдэл хүргүүлсний дагуу нийт 110 албан тушаалтан сонсголд оролцох саналаа илэрхийлсэн.
Сонсголд оролцох хүсэлт гаргасан нийт 225 иргэн, хуулийн этгээд бүртгүүлснээс 58 иргэн сонсголын үеэр санал хэлэх хүсэлтээ урьдчилж ирүүлсэн бөгөөд хэвлэл, мэдээллийн 17 байгууллагын 43 ажилтан сонсголын үйл ажиллагааг сурвалжлах хүсэлтээ ирүүлжээ.
Сонсгол зохион байгуулах ажлын хэсгээс шийдвэрлэсний дагуу сонсголд оролцогчдын тоог хязгаарлахгүйгээр Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар”, “Их эзэн Чингис хаан” танхимаас нэгэн зэрэг явуулахаар төлөвлөсөн боловч оролцогчдоос нэг танхимд сонсголыг зохион байгуулах шаардлага тавьсан. Иймд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяанд байдаг “Их Монгол” танхимд сонсголыг зохион байгуулж, сонсголын үйл ажиллагаа 9 цаг 30 минут тасралтгүй үргэлжилж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулсан байна.