БНСУ-тай уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хамтран ажиллана
2023.02.14

БНСУ-тай уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Солонгос Улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр дараах баримт бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хан Дог Сү байлцлаа.

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын суурь хэлэлцээрт Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ли Ду Хүн гарын үсэг зурав.

Энэхүү хэлэлцээрийн дагуу Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтарсан хороо байгуулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх, нүүрстөрөгч багатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ногоон хөгжлийг цогцлооход хамтран ажиллана. Түүнчлэн, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн”-ийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой.