Томоохон зах, худалдааны төвүүдэд хүнсний аюулгүй байдлыг хангаж, хяналт тавьж ажиллана
2023.02.13

Томоохон зах, худалдааны төвүүдэд хүнсний аюулгүй байдлыг хангаж, хяналт тавьж ажиллана

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө удирдан явуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга есөн чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 86.7 хувьтай байсныг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулаа.

Тухайлбал, Сар шинийн баярын үзэсгэлэн худалдаа болон ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлж байгаа холбогдуулан иргэд, хүүхэд, багачуудын амгалан тайван байдлыг хангах, хулгайн болон бусад төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах ажлуудаа эрчимжүүлэх үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн. Энэ хүрээнд гэмт хэрэг зөрчлөөс сэргийлж 120 чиглэлд 240 алба хаагч, явган эргүүлийн 319 чиглэлд 638 алба хаагч хяналт тавин ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд сургуулийн хүүхдүүдийн ирц 88.3, цэцэрлэгийнх 76.3 хувьтай байгаа юм.

Түүнчлэн томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлэх, цаашид урьдчилан сэргийлэх чиглэлээр санал боловсруулж танилцуулах үүрэг өгсөн. Улаанбаатар хотын хэмжээнд 15 эмнэлгийн 2226 орон дээр 1612 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүдэд 1274 орон дээр 992 хүүхэд хэвтэн эмчлүүлж орны ачаалал 75.2, үндсэн орны ачааллаас тооцвол 118 хувьтай байна. Эмнэлгийн хүүхдийн хүлээн авах-яаралтай тусламжийн тасгаар хоногт 1100 гаруй хүүхэд үзүүлж байгаа тул заалны зохион байгуулалтыг хийж, оргил цагаар /18.00-00.00/ нэмэлт эмч, эмнэлгийн мэргэжилтнийг ажиллуулж, үзлэгийн хүлээгдлийг бууруулжээ. Дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет ажлын өдрүүдэд 08:30-17:00 цагийн хооронд, томуугийн амбулаторийг ажлын өдрүүдэд 17:00-21:00, бямба гарагт 11:00-18:00 цагийн хооронд ажиллуулж байна.

Гэмт хэргийн шинжтэй дуудлага 12 хувиар буурчээ

Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээлэл болон урьдчилан сэргийлэх хүрээнд хийж байгаа ажлын талаар Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга О.Ганбат танилцууллаа. Тэрбээр “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 14,403 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногоос 0.6 хувиар буурсан. Тодруулбал, гэмт хэргийн шинжтэй дуудлага 12, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага 7.5 хувиар буурсан бол зөрчлийн шинжтэй дуудлага 0.9, зам тээврийн осол 22 хувиар өссөн байна” гэв. Мөн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл гурван хувиар буурсан ч Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өссөн аж. Түүнчлэн эргүүл гурван ээлжээр ажиллаж байгаа бөгөөд зах, худалдааны төвийг зорьсон хөдөлгөөний нягтаршил их байгааг онцолж байв.

Сүхбаатарын талбайд тусламжийн аян үргэлжилж байна

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө Сар шинийн баяртай холбоотойгоор хүмүүсийн хөл хөдөлгөөн, хулгайн гэмт хэрэг нэмэгддэг. Иймд дээрх чиглэлд  анхаарч ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болгов. Мөн Туркийн газар хөдлөлттэй холбоотойгоор Сүхбаатарын талбайд тусламжийн аян үргэлжилж байна. Нийслэлийн удирдлагуудын зүгээс холбогдох зөвшөөрлийг олгож, өнөөдрийн байдлаар талбай дээр 16 гэр бариад байгаа бөгөөд цаашид 100 гэр болгохоор төлөвлөжээ.

87 иргэнийг авран хамгааллаа

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням “Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 52, аврах ажиллагааны хоёр, нийт 54 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 84 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл, ослоос гурван иргэнийг аварч, 3.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж, ажиллалаа. Он гарснаас хойш нэгдүгээр сарын 29-ний байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 273, аврах ажиллагааны 36, малын гоц халдварт өвчний нэг, нийт 310 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн дуудлагатай харьцуулахад 13.2 хувиар буурсан үзүүлэлттэй” хэмээв. Мөн холбогдох байгууллагууд хамтран нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 12,634 толгой адуу гаргаж, 305 албан мэдэгдэл өгч ажиллажээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нэмэгджээ

ТЦА-ны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөний хяналт, зохицуулалт хариуцсан дэд дарга Ч.Батболд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд дуудлага мэдээлэл өссөн. Иймээс зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллалаа. Тухайлбал, 880 орчим цэгт 506 алба хаагч ажиллаж, 50 мянга гаруй зөрчил илрүүлсэн. Телекамер буюу e-police аппликэйшнээр 43 мянга гаруй зөрчил илрүүллээ” гэв.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нэмэгджээ. Тухайлбал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 606 иргэнд арга хэмжээ авсан байна. Түүнчлэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаа зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх  зорилгоор баасан гараг бүр хяналт шалгалт хийх юм. Зах, худалдааны төвийн өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байгаа газар нэмэлтээр цагдаагийн алба хаагч ажиллуулж байгааг мөн хэлж байлаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө алба хаагчдын харилцаа, хандлагад анхаарах хэрэгтэйг сануулж байв.

Сургуулийн автобуснуудыг дүүргүүдэд хуваарилав

Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин сургуулийн автобусны талаар “Моннис” ХХК сургуулийн 75 автобус нийлүүлэхээс өмнө нь 25 автобусыг нийлүүлсэн. Сая 50 автобус нийлүүллээ. Сургуулийн автобусны хуваарилалтыг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас хийсэн. Манай газар хүүхдүүдийн хөдөлгөөн, аюулгүй байдал, эрэлт, хэрэгцээний судалгааг гаргаж, Нийслэлийн Нийтийн тээврийн газарт өгсөн. Сургууль, хүүхдийн тоо, эрэлт хэрэгцээнд үндэслэн Баянзүрх дүүрэгт 10, Сонгинохайрханд найм, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт тус бүр долоо, Хан-Уул дүүрэгт зургаа, Налайх, Багануур дүүрэгт тус бүр хоёр, Багахангай дүүрэгт нэг автобус хуваарилсан” хэмээлээ.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар “Дүүргийн Боловсролын хэлтсүүдээс хуваарилсан автобусны замнал болон зорчилт үйлчилгээтэй холбоотой саналуудыг авч, дүүргийн ЗДТГ-т хүргүүлсэн. Дүүргүүд зохион байгуулалтаа хийнэ. Үүнтэй холбоотойгоор зардлыг баталсан төсвийн хүрээнд шийднэ” гэв.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл автобус хүлээлгэж өгч байгаад талархаж байна. Цаашид автобусны засвар, үйлчилгээтэй холбоотой зардлыг бодитоор тусгах шаардлагатай байгааг хэлж байлаа.

Сайжруулсан түлшний 42 мянган тонны нөөцтэй

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд “Сайжруулсан шахмал түлшний 42 мянган тонны нөөцтэй байна. Өдөрт 14 шугамаар 2100 тонн түлш үйлдвэрлэж байгаа. Цаг агаар дулаарсантай холбоотойгоор түлшний захиалгын тоо багассан. Түүхий эд, шуудайн нөөц хангалттай бий. Түлшийг 31 тээврийн компани тээвэрлэж, 650 цэгээр борлуулж байна” гэлээ.

Улаанбаатар хотын “Цахим шилжилт”-ийн хүрээнд хийж байгаа ажлуудыг эрчимжүүлэхийг үүрэг болгов

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө дараах үүрэг, даалгаврыг өглөө.

  • Улаанбаатар хотын “Цахим шилжилт”-ийн хүрээнд хийж байгаа “Дижитал сити” болон Замын хөдөлгөөний нэгдсэн систем /RFID/-н ажлуудыг холбогдох байгууллагууд эрчимжүүлэх. Үүнд:

-Хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн гэрчилгээг, цахим гэрчилгээгээр /RFID/ солих ажлыг олон нийтэд сурталчлан таниулах, холбогдох байгууллагууд дэмжлэг үзүүлж ажиллах.

-“e-School” боловсролын нэгдсэн платформын хэвийн үйл ажиллагааг хангаж, байнгын ашиглалттай байлгах, мэдээллийн шинэчлэлтийг цаг тухай бүрд оруулж хэвшүүлэх.

-Хэсгийн ахлагчийн систем нэвтрүүлэлтийн ажлыг эрчимжүүлж, хороодын үйл ажиллагаанд байнгын ашиглаж, ажиллах.

-Цахим дашборд нэвтэрсэнтэй холбогдуулан зарим байгууллага тоон мэдээ, мэдээллээ цаг хугацаанд нь тогтмол  оруулж, системийн ажилд дэмжлэг үзүүлэх.

  • Сургуулийн автобусны хяналтын цахим системийг нэвтрүүлсэнтэй холбогдуулж 40 сургуулийн 110,000 сурагчдын карт буюу үнэмлэхийг байнгын ашиглалттай байлгах, багш, эцэг эхчүүдэд бодит мэдээллийг цаг тухай бүрд хүргэхэд анхаарч, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
  • “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд гэр хорооллын бүсийг “Ногоон бүс” болгох ажлыг зохион байгуулах төлөвлөгөөний төсөл боловсруулах ажлаа эрчимжүүлж, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах.
  • Иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангаж, гал түймрийн аюул осол, гэмт хэрэг, зөрчилд өртөх болон зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудыг сайтар зохицуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
  • Томоохон захууд болон худалдааны төвүүдэд хүнсний аюулгүй байдлыг хангаж, хяналт тавьж ажиллах.
  • Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн, иргэдийг хүндрэлгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх.
  • Баярын өдрүүдэд ажиллах эргүүл, жижүүр томилон ажиллуулж, Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажиллах.
  • Инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлэх.

-Шуурхай ажиллагааны бригад, жижүүрийн хуваарийг гарган, хяналт тавьж, болзошгүй осол, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх.

-Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, хог хаягдлуудыг цэвэрлэх, тээвэрлэх ажлыг зохион байгуулж, хотын гудамж, талбайн гэрэлтүүлгийн асалтад хяналт тавьж ажиллах зэрэг үүрэг, даалгаврыг өглөө.