Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Бүгд Найрамдах Финланд улсаас Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Лийна-Кайса Микколатай уулзлаа. Уулзалтын эхэнд Хатагтай Лийна-Кайса Микколад итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж ажлын амжилт хүслээ.
Боловсролын багц хуулийг шинэчлэх ажлын хэсэг туршлага судлах зорилгоор 2022 онд Бүгд Найрамдах Финланд Улсад 2 удаа ажиллаж холбогдох төрийн захиргааны байгууллагууд, их сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан.
БШУЯ, Финландын Турку их сургуулийн дэргэдэх "Eduten" дижитал боловсролын компани харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан. Энэхүү санамж бичгийг байгуулснаар Боловсролын амжилтаараа тэргүүлэгч Финланд улсын Eduten математикийн сургалтыг дэмжигч хиймэл оюун ухаанд суурилсан платформыг Монгол улсын ЕБС-ийн сурагчид эх хэл дээрээ ашиглах боломжтой болсон талаар мэдээлэл солилцлоо.
Цаашид Хелсинки их сургууль, Живаскилагийн их сургуультай их, дээд сургуулийн багшийн чадавхыг сайжруулах чиглэлээр багш солилцооны богино, урт хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Мөн боловсролын бүх түвшинд чанарын үнэлгээ, цахим шилжилт, санхүүжилтийн тогтолцоог шинэчлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд инженер техникийн ажилтан бэлтгэх чиглэлээр Финландын сургуулиудтай matching fund буюу хоёр талаас санхүүжилтийг тэнцүү гаргах байдлаар оюутан сургах, Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрт хамтран ажиллах санал тавилаа. Элчин сайд бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ энэ уулзалтын үеэр илэрхийлсэн юм.