Монгол - Буриадын эдийн засгийн харилцааг шинэ түвшинд гаргана
2023.04.06

Монгол - Буриадын эдийн засгийн харилцааг шинэ түвшинд гаргана

УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяа Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн, Засгийн газрын дарга Алексей Самбуевич Цыденовтой уулзлаа.

Хоёр улсын засгийн газар хоорондын комиссын “ Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комиссын хуралдааныг удирдахаар Буриад улсад хүрэлцэн ирсэн танд талархаж байна. Хил орчмын бүс нутаг, цаашлаад улс хоорондын эдийн засгийн харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд энэ удаагийн хуралдаан өндөр ач холбогдолтой.

Хурлаар зөвхөн бүс нутаг, хилийн асуудал хэлэлцээд зогсохгүй эрүүл мэнд, боловсрол, тээвэр логистик гээд өргөн хүрээний харилцаа хамтын ажиллагааг хөндөнө. Буриад Улсын засгийн газар Монгол Улстай харилцаа хамтын ажиллагааг соёл урлаг, аж үйлдвэрлэл, боловсрол, барилга гээд олон салбарт идэвхтэй хөгжүүлэх чин эрмэлзэлтэй байдаг.

Тиймээс ч цар тахлын амаргүй үед Алтанбулагийн боомтын бүтээн байгуулалтыг богино хугацаанд өрнүүлж, нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлж чадлаа. Хил гаалийн үйл ажиллагаа хялбаршуулахад анхаарч байгаа төдийгүй харилцан ашигтай экспорт, импортыг хөгжүүлэх нь чухал байна хэмээн Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн А.С.Цыденов онцоллоо.

Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х. Булгантуяа хэлэхдээ,

”Монгол - Буриадын сайн хөршийн харилцааг эрчимтэй хөгжүүлэх, өргөжүүлэхэд онцгой анхаардаг. Монгол Улсын Засгийн газраас эдийн засгаа тэлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс ”Боомтын сэргэлт”-ийн бодлогыг тусгайлан хэрэгжүүлж байна. Цар тахлын амаргүй үед хилийн боомтуудын үйл ажиллагаа суларч, идэвхжилт нь буурсан ч гэлээ дахин сэргэж, ялангуяа ОХУ –аас Монгол Улстай хил залгаа боомтуудын бүтээн байгуулалтыг өрнүүлсэн нь хоёр талын худалдаа эдийн засаг, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал түлхэц болж байна гэдгийг онцоллоо.

Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд зөвхөн ОХУ –аас л гэхэд 200-250 мянган жуулчин хүлээн авахаар тооцсон. Аялал жуулчлалын хамгийн гол бүс нутаг бол Буриад. Гол боомт нь Алтанбулаг юм. Тиймээс энэ боомтын бүтээн байгуулалтын ажилд онцгойлон анхаарч, хоёр талын хил, гаалийн үйл ажиллагааг хүнд сурталгүй , түргэтгэх тал дээр ч идэвхтэй хамтын ажиллагааг өрнүүлэх шаардлага байна“ гэдгийг хэллээ.

Уулзалтын төгсгөлд бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг идвэхжүүлэхэд хоёр тал идвэхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.