Л.Энх-Амгалан: Хуурамч дүнгийн тогтолцоог халах ёстой
Хот, хөдөөгийн болон хувийн, төрийн сургуулийн ялгааг арилгах хамгийн зөв шийдлийн нэг бол цахим шилжилт. Хаана сурч, амьдарч байгаагаасаа үл шалтгаалан хамгийн сайн багш, хамгийн сайн суралцахуйн платформоор биеэ даан суралцах боломжийг хүүхэд бүрд олгох ёстой.
Энэ хүрээнд өнгөрсөн намрын болон хаврын улирлаас эхлэн бид хэд хэдэн дэлхийд тэргүүлдэг платформыг хот, хөдөөгийн сургуулиудад туршиж байна.
Хичээлийн сонгоны бүлэг бүрдээгүй сургуулиудын 10 ангийн 10 мянга гаруй хүүхдүүд Мэдлээ.mn цахим сургуульд Монголын хамгийн шилдэг багшаар хичээл заалгаж байна. Математикийн хичээлийн хоцрогдлыг нөхөх Suraad.mn платформоор биеэ даан хоцрогдлоо нөхөх боломж бүрдсэн.
Дэлхийн шилдэг платформ болох Англи хэлний Pearson, Математикийн Eduten, сурагч бүрийн ахиц, дэвшлийг үнэлэх үнэлгээний системийг туршиж буй хотын захын буюу гэр хорооллын 117-р сургууль дээр очиж, жишиг цахим ангийг нээж, энэ цахим ангид туршилтын хэрэгжилттэй танилцлаа.
Хүүхэд бүр сурах сонирхол нэмэгдсэн, биеэ дааж хоцрогдлоо нөхөж, хүүхэд бүр өөрийнхөө түвшин, хурдаар бие дааж сурах боломжийг олж харсан, багш нарын ачаалал буурсан, эцэг эх, асран хамгаалагч нар багшийн дүнгээр биш хүүхдийнхээ бодит гүйцэтгэлийн ахиц, дэвшлийн үнэлгээг харах болсон зэрэг олон дэвшил гарч байгааг сонсоход сайхан байлаа.
Одоо энэ бүгдийг төрийн өмчийн 700 орчим сургуульдаа нэвтрүүлж байж Боловсролын чанарын ялгаа арилна. Энэ платформуудыг Монголынхоо хөрсөн дээр буулгахын төлөө сэтгэл зүрхээ зориулан байгаа бүх хүмүүст болон гардан хэрэгжүүлж буй бүх багш, сурган хүмүүжүүлэгч нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.