2023.04.24
Монгол-Оросын хамтарсан үл хөдлөх хөрөнгийн асуудлаар ажлын хэсэг хуралдав
Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийн асуудлаар Монгол-Оросын хамтарсан Ажлын хэсгийн ээлжит хуралдаан 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Гадаад харилцааны яамны хурлын танхимд боллоо.
Энэхүү хуралдаанд Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн газрын алба, Нийслэлийн хот төлөвлөлт, хөгжлийн газар болон ОХУ-ын талаас холбогдох албаны хаагчид оролцов.
Монголын талын Ажлын хэсгийн даргаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, ОХУ-ын талын Ажлын хэсгийн даргаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Гадаад хамтын ажиллагааны ерөнхий газрын дарга О.К.Тикк нар ажилладаг бөгөөд тус хуралдаанаар Монгол Улсад байгаа ОХУ-ын Засгийн газрын өмчийн үл хөдлөх хөрөнгийн талаар харилцан санал солилцож, Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг бэлтгэн хамтран ажиллаж байна.