Ц.Цэрэнпунцаг: Төрийн өмчит компани бол төсөвт шинэчлэл хийх шалтгаан!
Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг “Эдийн засгийн байнгын хороо”-ны даргаар ажиллаж буй. УИХ-ын голлох байнгын хороог ахалж ажиллаж байгаагийн хувьд эдийн засагтай холбоотой асуудалд тэрээр чамбай ханддаг.
Тус байнгын хороогоор Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай” тогтоолын төслийн хүрээнд ажлын хэсэг байгуулж, төслийг УИХ-аар баталсан.
Гэвч төрийн өмчит компани байгуулах хууль оруулж ирснийг УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Ц.Цэрэнпунцаг шүүмжиллээ. Тодруулбал Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Их Хурлын чуулганы /2023.04.14/-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн. Уг хуулийн төсөлд хөдөө аж ахуйн санг “корпорац” буюу төрийн өмчит компани болгохоор тусгасан юм. Энэ талаар тэрээр ийн байр сууриа илэрхийлээд байна.
“Бид төсөвтөө шинэчлэл хийе гэж ажиллаж байгаа. Төсөвт шинэчлэл хийх нэг шалтгаан нь төрийн өмчит компани. Төрийн өмчит компаниудаас ужгирч гарч ирсэн Засгийн газрын өр, ширийг татвар төлөгчдийн татвар, инфляциар төлдөг. Энэ дээр л ачаа нэмэх болж байна” гэсэн юм.
Засгийн газрын санг корпораци болгохдоо хязгаарлагдмал хариуцлагатай төрийн өмчит компани байхаар мөн хувийн хэвшилтэйгээ өрсөлдөхгүй гэж хууль санаачлагчдын зүгээс тайлбарласан.
Харин энэ талаар түүний хувьд компани бол ашгийн байгууллага. Ашиг олох үйл ажиллагаа явуулж байвал компани гэж үздэг. Хувийн хэвшилтэй өрсөлддөггүй, атал ашиг олдог компани гэж юу гэсэн үг вэ? Үүнд монополь эрх өгөх юм уу. Ингэвэл жинхэнэ ялзарсан юм болно. Хязгаарлагдмал хариуцлагатай /ХХК/ компани бол ямар ч хяналтгүй. Тавьсан бүх шаардлагууд чинь хоорондоо зөрчилтэй байна. Ийм компани байгуулж болохгүй” гэв.